-Бэлтгэлийн байрнаасаа нууцаар "оргож" цэргийн баяраа тэмдэглэсэн боксын шигшээ багийн тамирчид эрүүл мэндээрээ хохирч үлдлээ-
Шигшээ багийн тамирчин болно гэдэг тухайн хүн тэр чигээрээ улсын "өмч" боллоо л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр өдрөөс эхэлж хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ цаг үргэлж хянах ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн амралтын өдөр Олон улсын хэмжээний мастер, боксчин Э.Цэндбаатар, Д.Давааням нарын шигшээ багийн зургаан тамирчин дээрх үүрэг, хариуцлагаа умартжээ.
Тэд үл таних нөхөдтэй зодоон хийж, улмаар хүнд бэртэл авч Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд ухаангүй шахам хүргэгдсэн байна. Уг нь, тэд удахгүй Тайванийн "Эзэн хааны цом"-ын тэмцээн оролцохоор "Хандгайт"-д бэлтгэлд гараад байсан ч бэлтгэлийн байрнаасаа нууцаар "оргож", "Улаанбаатар палас"-ын ойролцоох нэгэн шөнийн цэнгээний газар орж, наргиж байхдаа үл таних залуустай маргаснаас дээрх харамсалтай хэрэг гарчээ.
Д.Батсүрэн: Том биетэй, үл таних хэдэн нөхөр өдөж, эхэлж
хоргоосон гэсэн
Хэргийн талаар тэдний багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн "Манай боксын тамирчид "Хандгайт"-д нэгдсэн бэлтгэлд гараад байгаа. Хэрэг гардаг мөч буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэд бэлтгэлийн байрнаасаа нууцаар гарсан. Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “Улаанбаатар палас”-ын ойролцоох шөнийн цэнгээний газарт шууд ирсэн байсан.
Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр өдөж, эхэлж хоргоосон гэсэн. Тамирчид маань “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн. Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтайгаа байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нарыг шууд дайрсан байгаа юм" хэмээн ярив.
Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг болохын өмнөхөн буюу бэлтгэлийн байранд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн болон Ардын багш Д.Банди, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуяг, дасгалжуулагч Н.Мөнхсайхан, С.Эрдэнэбат, эмч Э.Энхбаяр нар байжээ.
Тэд Япон улсаас ирсэн дасгалжуулагч Окаяагийн сургалтад суучихаад нар шингэхийн алдад тамирчдынхаа тоог бүртгэсэн байна. Энэ үед Олон улсын хэмжээний мастер, "Рио-2016" Олимпийн наадмын V байрын шагналт, боксчин Э.Цэндбаатар гарч ирээгүй аж. Тиймээс тэд өрөөнд нь орж байгаа эсэхийг нь шалгахад унтаж байжээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн энэ талаар "Э.Цэндбаатарыг өрөөнд нь ороод шалгахад унтаж байсан.
Сэрээгээд яах вэ гэж бодоод дуудаагүй. Учир нь, манай тамирчид нэг унтахаараа өглөө л сэрдэг. Тэр орой ингэж л бодсон. Гэтэл шөнө 02:00 цагийн үед оргосон байсан" гэв.
Э.Цэндбаатарыг Гавал, тархины гэмтлийн тасагт шилжүүлжээ
Хохирогч Э.Цэндбаатар Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд хүргэгдэж ирэхдээ тархи, гавалдаа хүнд гэмтэл авч, ухаангүй байжээ. Одоо биеийн байдал нь хүндэвтэр байгаа бөгөөд олон тооны оёдлыг тархи, нүүрэндээ тавиулсан төдийгүй гуурсаар хооллож байгаа талаар эмч нар хэлж байна. Түүнийг өчигдөр өглөө Гавал, тархины гэмтлийн тасагт шилжүүлжээ.
Энэ талаар тус тасгийн эмч Р.Одонбаатар “Гэмтлийн зэргийг одоогоор тодорхойлоогүй байна. Цаашид спортын замналд нь нөлөөлөх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Нүүр шалбарсан байдалтай, тархи болон хөмсөг, дух, уруул гэмтэж, хаван хавдартай, эмчилгээ үргэлжилж байна” гэсэн юм. Харин боксчин Э.Цэндбаатарын ар гэрийнхэн нь "Биеийн байдал хүнд, хаашаа ч эргэж болзошгүй байна. Бид одоогоор юунаас болсон, хэний буруу байсан эсэх талаар яримааргүй байна. Өөрийнхөө ганц сайн хийдэг зүйлээрээ тууштай хичээллэдэг байсан. Гэтэл ийм таагүй явдал боллоо" хэмээн ярилаа.
Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна
Дээрх хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийнхан хохирогч Э.Цэндбаатарыг зодож гэмтээн, машинаараа дайрсан этгээдүүдийг баривчлаад байгаа гэнэ. Хамгийн гол нь, гэмт этгээдүүд мэдүүлэг өгөхдөө “Хүн андуурсан” гэсэн аж. Тэгвэл өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учраас хэн нэгнийг саатуулаагүй гэнэ. Үүнээс гадна Э.Цэндбаатарыг мөргөж гэмтээсэн “Тoyota Pruis” маркийн авто машины жолоочийг эрэн сурвалжилж байгаа гэв. Ямартай ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Боксчдын эрхийг зургаан сараар хаслаа
Үнэндээ бэлтгэлийн байрнаасаа нууцаар "оргож" цэргийн баяраа тэмдэглэсэн боксын шигшээ багийн тамирчид эцэс сүүлдээ эрүүл мэндээрээ хохирч үлдлээ. Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт буюу хэрэг гарсны маргааш нь хуралдаж, дээрх хэргийг авч хэлэлцжээ. Ингэхдээ Э.Цэндбаатар, Д.Давааням нарын оронд О.Мөнхсайхан, Ж.Отгонжаргал нарыг удахгүй болох Тайванийн "Эзэн хааны цом"-ын тэмцээнд явуулахаар болжээ.
Харин тэд өчигдөр үдээс хойш дахин хуралдаж, зөрчил гаргаж, хариуцлага алдсан Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар нарын шигшээ багийн зургаан тамирчныхаа эрхийг зургаан сараар хасах шийдвэрийг гаргасан байна. Эл хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж:Өглөөний сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна