БНХАУ Монголын транзит урсгалыг нэмэгдүүлэхээ амлалаа

2017/04/07
БНХАУ Монголын транзит урсгалыг нэмэгдүүлэхээ амлалаа Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН хамтран "Транзит Монгол-2017" форумыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНХАУ-ын төмөр замын ерөнхий компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Төмөр замын сайд Лу Дунфутай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр Эрээн-Тяньжин чиглэлд ачаа хүлээн авах чадварыг сайжруулж, Монгол Улсыг чиглэсэн ачаа урсгалыг нэмэгдүүлэх, үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт, Ханги-Мандал чиглэлийн төмөр замын талаар санал солилцжээ. 
 
Хятад-Европын чингэлэгийн галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд Монгол Улсын төмөр замын коридорыг чингэлэгийн галт тэрэгний төв коридороор тусгасан байдаг. Өнгөрсөн онд 167 чингэлэгийн галт тэрэг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн нь өмнөх оныхоос 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа ч үүнийг албаны хүмүүс 1000 хүргэх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Тиймээс ЗТХЯ болон УБТЗ ХНН- ээс энэхүү асуудалд онцгой анхаарч дамжин өнгөрөх чингэлэгийн шилжүүлэн ачилтын тарифыг 70 хувиар, тээврийн тарифыг 15 хувиар хямдруулахаар шийдвэрлээд байна. Энэхүү форумыг зохион байгуулснаар Хятадын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчдад Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг дэд сайд Б.Цогтгэрэл уулзалтын эхэнд онцоллоо. 



Мөн тэрээр Хятад-Европын чингэлэгийн буухиа галт тэрэгний тээврийн тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд Тяньжин-Эрээн чиглэлийн чингэлэг тээврийн тарифт хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж өгөхийг хүслээ. Ингэснээр гуравдагч орноос импортоор орж ирэх тээврийн зардал буурч, Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой юм. БНХАУ-ын төмөр замын ерөнхий компанийн захирал Лу Дунфу "Манай хоёр улсын чингэлэгийн галт тэрэгний тээврийн хэмжээ нэмэгдэж, зардал буурснаар төмөр замын салбар илүү хөгжиж, шинэчлэгдэх бололцоо бүрдэнэ гэж найдаж байна. Тиймээс та бүхний хүсэлтийн дагуу Тяньжин боомтоор дамжих тээврийн асуудалд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллах болно" гэлээ. Ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр төмөр замын суурь бүтцэд шинэчлэн сайжруулалт хийх шаардлага гарах тул зорилгодоо хүрэхийн тулд цаашид нягт хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. 



Мөн тэд хоёр орны улс төрийн найрсаг харилцаа нь төмөр замын хөгжилд ихээхэн үр нөлөө үзүүлж байгаад санал нэгдээд, дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар болов. Энэхүү уулзалтын үр дүнд "Транзит Монгол-2017" форумд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, компаниудын тоо эрс нэмэгдэж, Монгол- Хятадын төмөр замын салбар дахь хамтын ажиллагаа сэргэж эхэллээ.


эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна