Ирэх зургадугаар сарын 26-нд товлогдоод байгаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Ардчилсан нам нэр дэвшүүлэх хүнээ сунгаагаар сонгоно. Энэ сунгаанд оролцоно гэдгээ Д.Дорлигжав албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сунгаанд оролцохоор болж байгаа юм.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсоноо албан ёсоор мэдэгдэж байна. Нэлээд бодсоны эцэст ийм шийдвэр гаргасан. Намынхаа дотоод сонгуульд өрсөлдөнө. Шийдвэр гаргахад нэгдүгээрт, Улс орны өнөөгийн нөхцөл байдал, төр барьж байгаа эрх баригчдын явуулж буй бодлого, эдийн засгийн эсрэг авч байгаа арга хэмжээ, түүнээс гарах үр дүн нь хангалтгүй санагдсан. Тиймээс сэтгэлийн дуудлагаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд үзье гэж шийдсэн. Мөн нөгөө талаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой хүмүүсийн санаа бодол, хийх гэж байгаа ажил, гарах гарц, яаж үнэлж байгаа зэргийг харж, ажиглаж, уулзаж явлаа. Тэгээд л ер нь өөрөө оролцоод үзье, мэдсэн, сурсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ хийх шийдэлд хүрч байна” гэсэн юм.
Харин АН-ынхан нэр дэвшигчээ бүх гишүүдийнхээ санал хураалтаар тодруулна гэж намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нэр нь дуулдаж буй. Гэхдээ албан ёсоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн билээ. Мөн Хотын дарга асан Э.Бат-Үүл ч нэр дэвшинэ гэсэн юм.
Юутай ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмүүд эхнээсээ тодорч байна. Гэхдээ намын дотоод сонгуульд ялсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна