Энэ сарын 11-ний өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар асуултад хариуллаа.
Уг өдөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ЗХЖШ-аас баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж байх үеэр байлдааны гар гранат тэсэрч, хоёр цэргийн алба хаагч амь эрсдэн, найман алба хаагч хүнд, хөнгөн шархадсан харамсалтай осол гарсан юм.
Бие бүрэлдэхүүн гар гранатын үүрэг зориулалт, тактик техникийн өгөгдөхүүний талаар холбогдох хичээлийг онолын болон дадлагын хэлбэрээр зохион байгуулж, төгсгөлд нь байлдааны гранаттай сургуулилтын бэлтгэлийг хангах үеэр тэсрэлт болжээ.
Амь эрсэдсэн хоёр цэргийн албан хаагчийн нэг нь 30 настай, эхнэр хүүгийн хамт амьдардаг, БХИС-д Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдсэн, хэд хэдэн ангид мэргэжлээрээ ажиллаж, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн, нөгөө нь 24 настай, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд мэргэн буудагчаар бэлтгэгдэж 2012 оноос хойш 350 дугаар ангид ажиллаж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай, манай зэвсэгт хүчний шилдэг алба хаагч нар байсныг ЗХЖШ-ын удирдлагууд илтгэлээ.
Шархадсан найман албан хаагч эд эрхтний болон дотор эрхтэний ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй бөгөөд хоёрт нь яаралтай хагалгаа хийж эрчимт эмчилгээнд оруулжээ. БХЯ, ЗХЖШ-ынхан ослын газарт шуурхай ажиллаж, амь эрсэдсэн болон шархадсан цэргийн албан хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амь үрэгдсэн цэргийн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, тэдний болон шархадсан цэргийн алба хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна