“Монгол орны байгаль, цаг уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт хурал боллоо

2017/04/12
Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол орны байгаль, цаг уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр боллоо.

Монгол орны байгаль, уур амьсгалын нөхцөл, нөөцийг тодорхойлох мэдээ мэдээллийн баталгаажилт, үнэн бодит мэдээлэл гаргах судалгаа шинжилгээний ажлын өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга зам, зорилтуудыг тодорхойлох, байгаль, уур амьсгалын нөхцөл, нөөцийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь энэхүү хурлын гол зорилго юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хурлыг нээн хэлэхдээ “Онол практикийн бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүгдийн өглөөний амар амгаланг айлтгая. Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль, уур амьсгалын нөөц, түүний ашиглалттай холбоотой хэд хэдэн чухал заалтууд орсон юм.

Тухайлбал “Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн, байгаль орчинд нийцтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болгоно” гэсэн ерөнхий чиг үүргийн хүрээнд “Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, дэвшилтэт технологи нэвтрүүлж, нөөцийг хэмнэх, эргүүлэн ашиглах, хаягдлыг дахин боловсруулан ашиглах ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ” гэж тусгайлан заасан.

Түүнчлэн “Гол, горхи, булаг, шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол мөрний болон хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах, усан сан, хөв, цөөрөм байгуулж ус хангамжийг нэмэгдүүлнэ” гэсэн тодорхой зорилт дэвшүүлж “Иргэн, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага тарьж ургуулсан ой, ургамал, өсгөж үржүүлсэн ан амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар нуур, цөөрөм, усан санг бий болгосон тохиолдолд урамшуулах эрх зүйн орчинг бий болгоно” хэмээн дэвшүүлсэн зорилтыг үр дүнтэй ажил болгох хөшүүргийг мөн зааж тусгасан” хэмээлээ.

Монгол улсад байгаль орчны төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль хамгаалах яам анх байгуулагдсан 30-аад жилийн тэртээгээс өдий хүртэл янз бүрийн түвшинд ярьж үе үеийн засгийн газрууд тухайн үеийнхээ боломж нөхцөлийн хэмжээнд тодорхой ажил болгон хэрэгжүүлж урагшлуулж ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй юм.

Гэхдээ бид байгалийн нөөцийг байгалийн өгөгдлөөр нь багцаалж ашиглалтыг хязгаарлах аргаар хомсдол доройтлоос нь хамгаалах талаар гол төлөв ярьж ирсэн билээ. Одоо бид асуудлыг нөгөө талаас нь буюу хэрэгцээ шаардлага, хэрэглээний аргын талаас нь авч үзэх хэрэгтэй байгаа аж. Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт , инновацийг бүрэн утгаар нь олж мэдэж оновчтой ашиглаж чадвал байгаль, уур амьсгалын аливаа нөөцийн үнэ цэнийг “экосистемийн үйлчилгээ” хэлбэрээр ихээхэн нэмэгдүүлэх боломж байгаа юм.

Чухамхүү энэ чухал асуудлыг хөндөж байгаад энэ удаагийн онол практикийн бага хурлын ач холбогдол оршиж байна гэдгийг эрдэмтэн судлаачид хэллээ. 

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна