“Миний зохиолын агуулга би өөрөө юм” /М.Монтень/
Уран бүтээлч хүн нууцлаг хэвээрээ ертөнцийг орхин одох нь олонтаа байдаг. Тийм уран бүтээлч бол яруу найрагч С.Анудар бүлгээ. Анударын далд ертөнцийг таних гэж олон хүн оролдсон боловч төгс таньсан нь үгүй билээ.
Яруу найрагч Д.Урианхай “Ард түмний мөнөөх оюуны харгислалын харанхуй шөнийг хага ярсан гэрэлт бамбар тэнгэрлэг хүн” гэж үнэлсэн бол философич О.Чимгээ “Би дипломын ажлыг нь удирдаж байсан юм. “Толгойтой” хүүхэд байсан. Амиа хорлосон гэдэгт одоо ч итгэдэггүй. Арай ч үгүй байх. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Хүн болгонд хавь орчин утгагүй санагдах үе таардаг шүү дээ. Зохиол бичдэг байсныг нь нас барсны нь дараа л мэдсэн” гэжээ.
Анударийн оньсого мэт үхэлд харамсаж олон шүлэгч харууслын шүлэг бичсэнээс эрхэм дүү Лувсандоржийн Өлзийтөгсийн шүлэг онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм.
“Надтай танилцсан бол
Чи үлдэх л байсан
Над руу ирсэн бол
Зүрх чинь унтрахгүй байсан”
Итгэнэ. Итгэх сайхан
Энэ бодолдоо би итгэх дуртай
Дутуу татсан тамхи
Одоо миний ширээн дээр...
Дуустал нь алхахаас нааш
Замаасаа буцах дургүй ээ би
Дуусгана. Амьдрах үхэхээс сайхан
Дуусгана. Амьдарна. Амьдрахад ч
Өчнөөн зориг хэрэгтэй
Анд минь
Үхэхээс ч илүү зориг
Хэрвээ бид танилцсан бол
Чиний зүрхний гэрэлд
Хэдэн өдөр дулаацан
Хундага хуваах л байсан
Харамсана
Амьд яруу найрагчийн
Хажуугаар өнгөрч л явсан даа...
Сэтгүүлч Ш.Эрдэнэтөр “Анудар багаасаа аливаа юмны утга учир, мөн чанарыг мэдэхийг хичээдэг төдийгүй Достоевский хийгээд Камю, Сартр нарын экзистенциалист зохиолчдын бүтээлийг уншдаг байсан. Багадаа улс үндэстний үлгэрүүдээс сэдэвлэн зохиол бүтээлээ туурвидаг байв. Анудар модернист аястай 200 орчим зураг зурсан юм” хэмээн дурсан бичсэн нь бий.
Сайхан хүүгээ харамсалтай алдсан ээж Ж.Дэлгэрмаа нь: “Монголын нууц товчоо” уншиж суугаад хүүтэй болвол Тэмүүдэр гэж нэрлэхээр шийдсэн ч охин дүүгийнхээ хүүд сонгосон нэрээ өгчихөөд Анударь гэсэн нэр өгсөн юм. Хүү минь гадаа бараг тоглодоггүй ном уншихаас өөр ажил хийдэггүй байсан гэнэ. Анударын олон найз нөхөд Б.Галсансүх, Ч.Мөнхбаяр, Б.Одгэрэл, Д.Дашмөнх нарт олон сайхан алтан дурсамж байгаа даа. Цагаа хүлээж байгаа нь мэдээж...
“Улаанбаатар” сонины “Санчир” клубын хэдэн хүүхдүүд монголчуудын сэтгэлгээний нойрноос сэрээж өгснийг түүх мартахын аргагүй. Анударийн цөөхөн зохиол хэвлэгдсэн боловч эзнээ бүрэн хэмжээгээр илэрхийлэн үлдсэн нь сонин.
Миний өмнө С.Анударын “Ядаж чад... тэгээд” нэртэй өгүүллэгийн шарласан хуудас байна. Энэ өгүүллэгт хэсэг бусаг тасархай ертөнц өгүүлэгдэх мэт боловч уншаад бодохоор бүхэл бүтэн агаад зөрчилтэй ертөнц харагддаг.
Энэ өгүүллэгт эхлэл төгсгөл гэж байдаггүй. Анударын нууцлаг далд ертөнц рүү өнгийн харвал Босхын зураг харагдаад байдаг юм. Анударын зохиолын баатрууд танигдахгүй нууцлаг хүмүүс байдаг. Зохиолын баатруудынхаа далд ухамсарт зохиолч хөтлөгдөөд явчихдаг тавилан дэлхийн уран зохиолд олонтаа тохиолддог юм.
Анудар өгүүлрүүн: Хүний явах цаг болоход сайн сайхнаар харж байсан бодож байсан бүх юм саад болдог юм билээ. Миний явчихсан даруйд харамсах хүн олонч цаг хугацаа бүхнийг мартуулна. Цаг хугацааг цөөхөн гэсэн хэдэн бүтээл маань боолчилно. Намайг асааж унтраагч зөвхөн хөгжимд л байсан юм шүү хэмээн өгүүлэн дахиад л
Анудар өгүүлрүүн:
Миний үеийнхэн жаргал зовлон хоёрыг ерөөсөө ойлгохгүй юм. Өөрийгөө жаргаж байна хэмээн итгэж яваа хүмүүс амьдаараа үхэж байгаагаа ухаарахгүй байгаа нь гачлалтай. Хөөрхий залуус минь хуурамч аз жаргал хэмээн сөнөж буй ертөнц рүү сэтгэл догдлон одоцгоох юм.
Би өгүүлрүүн:
Үхэл Анударыг хөтлөөд явж байхдаа би юу л хийж байна даа гэж ухаараагүй нь үхлийн тэнэгийнх бус ажээ! Өнөөгийн Монголын ийм ухаантай авьяастай хүмүүсийн амьдрах нийгэм биш ажээ! Өнөөдөр Монголд усан тэнэгүүд, луйварчид, хулгайч нар, алдар хүндийн боолууд л аз жаргалаа дархалцгааж байна. Энэ нь тэвчиж үл болох нүгэлт ертөнц мөнөөс мөн.
Тамыг диваажин, диваажинг там болгох хүчин чадалтай оюун ухаан хөсөр хаягджээ. Анударын оюунлаг ертөнц энэ бүхнээс зугтаж оджээ. Анудар ойлгоход төвөгтэй хөвгүүн байхад хүнийг жинхэнэ утгаар нь танья гэвэл далд ухамсраа нээх хэрэгтэй юм шиг санагддаг. Анудар Ф.Вийоны “Голын дэргэд цангаж үхнэм” шүлэгт нэн дуртай байхаа.
Энэ орчлонд гуниг итгэлгүйн гүн ухаан гэж гайхамшигтай гүн ухаан байдаг. Энэ ухаанд итгэсэн хүмүүс “Мөнхийн рашаанаар хахаж үхсэн амьдрал” цаг үеэ зүхдэг юм. Анударын зохиолын баатар автобусны цонхоор харж байна. Хөрсний саарал шар шороо... чулуу хэдэн давхар шаравтар байшингууд... хүүхдүүд шороонд дарагдаж хатаж байгаа даавуу хувцас, шороо, жалга дээр нь байшингууд. Энэ хот биш! Үхсэн хөрсөн дээр нь хэдэн хашаа барьсан, цемент угсарсан, амьдарсан хүмүүс... хэмээн санаашрав.
Нүгэлт хотын дүр төрх энэ буюу. Анударын зохиолын баатрууд ийнхүү хүүрнэнэ. Тэмцсэн л бол ялагдсан. Амьдарсан л бол ялагдсан. Зөвхөн үзэн ядалт... Өөр юм надад олдоогүй... гэж ярихыг сонсоод “Өш хонзонгийн хүйтэн од тэвэрч” хэмээн эхэлдэг “чоно” шүлгээ санав. Анударь эзнээсээ зугтаасан тоглоомон чихмэл нохой шидтэй болоод, зэрлэгшээд эзэн руугаа дайрсан тухай том зохиол бичих байлаа.
Тэр амьдсан бол Сетон Томсон, Чингиз Айтматов, Д.Намдаг, Б.Бааст, Д.Энхболд нараас илүү саарал чонын тухай бичих байлаа. Анударийн бичээгүй зохиол, зураагүй зургийг хэн бичиж хэн зурахыг таахад хэцүү байна.
Анудар нууцлаг ертөнцөө өөртөө хадгалсаар биднээс салан одов. Анударын хоёр дахь амьдрал болох уран бүтээлийн ирээдүй ч нууц хэвээрээ байна. Бичсэн бүх зохиол нь олон хэлээр хэвлэгдэхэд хоёрдугаар Ж.Жойс Монголд төрлөө гэж шуугих ч юм билүү! Зурсан бүх зураг нь үзэсгэлэн тавигдаад ирэхийн цагт С.Дали дахин амиллаа ч гэх юм билүү! Үүнийг бурхан л мэднэ.
Ломбын Нямаа
/Өндөрхаан хот/
Сэтгэгдэл бичигдээгүй байна