​АНУ ГААЛИЙН ТАТВАРАА ЦУЦЛАХ УУ: Д.Трамп татварын хувь хэмжээ тогтоох эрхтэй эсэхэд Дээд шүүхийн шүүгчид эргэлзэж байна

Zuv.mn
1 цаг 33 минутын өмнө

АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Д.Трампын дэлхийн улс орнуудад гаалийн татвар ногдуулж байгаа үйлдэл нь хууль эрхзүйн үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр /Монголын цагаар өнгөрсөн шөнө/ болсон эхний хуралдаан /сонсгол/ дээр шүүх бүрэлдэхүүнд багтсан шүүгчдийн олонх нь Цагаан ордны гаалийн татварыг зөвтгөх үндэслэлд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.  

Д.Трамп гаалийн татвар ногдуулж байгаагаа АНУ-ын үндэсний үйлдвэрлэлийг сэргээж, гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх нөлөөтэй гэж тайлбарлаж буй. Харин Шүүх хуралд гомдол гаргагч талыг төлөөлж суусан бизнес эрхлэгчид Ерөнхийлөгчийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, үндэслэлүүдээ танилцуулсан байна.

Гомдол гаргагчид “Улс орнуудын бараа таваарт импортын татвар тогтоох эрх зөвхөн Конгресст хадгалагдана, Ерөнхийлөгч дураараа нэмж хасах эрхгүй” гэж үзэж байгаа юм.  

Ямартай ч эхний өдрийн хурлаас харахад, шүүгчид Д.Трампад хүнд асуултууд тавьж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Жишээ нь "Батлан хамгаалах болон үйлдвэрлэлийн баазад заналхийлж байгаа тул улс орон бүрийг тарифтай болгох зайлшгүй шаардлага байсан уу", "Гаалийн татвар нь зарим улс орнуудын хувьд ногдууж болох ч бүх улс орныг хамруулах шаардлагатай гэж яагаад үзсэнээ тайлбарлана уу" гэх мэтээр асуужээ.

 Хэрвээ Дээд шүүх тэдэнтэй санал нийлбэл Д.Трампын худалдааны стратеги, түүний дотор дөрөвдүгээр сард анх зарлаж, дэлхий нийтийг шооконд оруулсан өргөн хүрээтэй гаалийн татварын нэмэгдлүүд үгүй болно. Мөн өнгөрсөн хугацаанд импортын татварын нэмэгдлээр төвлөрүүлсэн олон арван тэрбум ам.долларыг буцаах асуудал яригдах юм.

Д.Трампын хувьд, гаалийн татварын асуудал нь зөвхөн өөртэй нь холбоотой биш, улстай, улсын хувь заяа, аюулгүй байдалтай холбоотой гээд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Шүүх хуралд Цагаан ордныг төлөөлж Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар сууж байгаа аж.

Цагаан ордон мөн Дээд шүүх өөрсдийнх нь талд шийдвэр гаргахгүй бол бусад байгууллагуудад хандах болно гэж мэдэгджээ.

"Цагаан ордон үргэлж Б төлөвлөгөөнд бэлтгэж байдаг" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт шүүх хурал эхлэхийн өмнө мэдэгдсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна