Бизнесмэнүүд нэг хэсэг “Спортод хөрөнгө хаяад хэрэггүй. Компанийн нэрийг бичсэн хэдэн хүүхэд СТО-д гүйлээ гээд ямар ашиг гарах юм бэ” гэж ярилцдаг байв. Спорт холбоод мөнгөтэй, дэмжих боломжтой бизнесмэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг эрэмбэлж жагсаагаад “Ерөнхийлөгч болно уу”гэсэн хүсэлтийг дээрээс нь эхлэн ээлж, ээлжээр тавьдаг байлаа, тэр үед. Гэвч зөвшөөрөхөөсөө зөвшөөрөхгүй нь их байсан юм. Энэ нь төрөөс спорт холбоодод үзүүлэх дэмжлэг байхгүй байсантай холбоотой байв. 1990-ээд оны дунд үеийн сонин хэвлэлийг шүүгээд үзэхэд спортын зүтгэлтэн бүр “Спортыг дэмжсэн компаниудыг татварын бодлогоор дэмжмээр байна” гэсэн үгийг хэлдэг байлаа.
Тэр үед ОХУ бас л зах зээлд шилжээд эдийн засаг нь хүнд хэцүү байсан. Тэгээд спорт холбоодод “Санхүүжилтээ өөрсдөө ол” гээд зарим нэг онцгой төрлийн бараа бүтээгдэхүүнийг /жишээ нь архи/ тодорхой хэмжээний лимиттэйгээр татваргүй оруулж ирж худалдах эрхийг олгож байсан туршлага бий. Холбоод нь энэ эрхээ санхүүгийн дэмжлэг өгсөн аж ахуйн нэгжүүдэд хуваарилдаг байж. Эрх авахын тулд мэдээж, компаниуд өрсөлдөөд орж ирдэг, энэ нь хойд хөршийн спорт холбоодыг мөнгөжүүлж, тухайн спортыг хөгжих дэмжлэг болохын зэрэгцээ удирдлагуудыг нь мафи болж хувирахад хүргэсэн байдаг.
Одоо ОХУ-ын спорт холбоодын удирдлагуудыг харахад дандаа тэрбумтнууд.
Харин Монголд ийм биш. Ашиг сонирхол орж ирэх боломж бага байдаг тул идэвхтэй дийлэнх холбоодод яг спортын төлөө жинхэнэ сэтгэлтэй хүмүүс нь тунаж үлдсэн байдаг юм.
Энэ бол яг одоо бидэнд байгаа давуу тал. Өөрөөр хэлбэл, одоо Монголын спорт холбоодын дийлэнх нь мөнгө олох биш, спортыг хөгжүүлэх гэсэн хүмүүсийн гарт байна.
Гэвч “Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэгчээр спорт хөгжүүлэх нэрээр хувьдаа ашиг хонжоо олох увайгүй нэгэн ч байхыг үгүйсгэхгүй.
Төрөөс "Хувийн хэвшил нийгэмд чиглэсэн соёл, спортын бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн тохиолдолд татвар ногдох орлогын 1 хувь хүртэлх хэмжээгээр хөнгөлөлт эдлэх" хууль баталснаар ийм эрсдлийг нэмэгдүүлсэн.
Тодорхой хэлбэл яг 1990-ээд оны ОХУ спорт холбоодыг дэмжиж байсан шиг нөхцөл одоо Монголын спортод бүрдээд байна. Ингэснээрээ спортод орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Спорт хөгжиж, амжилт сайжирна. Гэхдээ спорт холбоод бохир мөнгө угаах угаалгын газар, татвараас бултахыг хүссэн ААН-ийн орогнох газар болж тун болзошгүй.
Тийм ч учраас сөрөг үр дагавар гарахаас нь өмнө Спорт холбоодыг шилэн данстай болгох хууль баталж, танагтай хэвээр нь авч үлдэх нь чухал гэдэг санааг дэвшүүлж байна.
Спорт холбоодын "Шилэн данс" нь сүүлийн үед дуулдаж буй "Бахрейн 2025" Азийн өсвөрийн наадамд оролцсон тамирчдыг дэмжиж төрөөс гаргасан 400 сая төгрөг хаачсан бэ", "Спорт холбоод төрөөс зардал гаргуулсан хэр нь тамирчдаас мөнгө гаргуулж авдаг" зэрэг асуудлыг ч шийднэ.
Тиймээс спорт холбоодыг "Шилэн данс" хөтлөхийг хуульчилж, санхүүгээ тамирчдадаа, олон нийтэд тайлагнадаг байх боломжийг бүрдүүлэх нь чухал байна.
Татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль гарсантай холбоотойгоор сүүлийн үед нэр алдартай, бизнесмэн хүмүүс спорт холбоодод орохоор өрсөлддөг болж байна. "Шилэн данс"-тай болгочихвол тэд чухам үнэн сэтгэлтэйнх үү, ашиг хонжоо хайж байна уу гэдгийг харах боломж ч бүрдэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна