Намаа ялагдуулсан гол буруутнаар тодроод буй АН-ын экс дарга З.Энхболд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэл ажлаа базааж байгаа гэнэ.
Тэрбээр өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, 2020 он хүртэл улстөрөөс амралт авах бодолтой байгаа” хэмээн онцолсон байдаг. Тэгвэл түүний энэ үг нь худлаа бололтой.
Одоогийн байдлаар АН-аас Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг, Лу.Болд, Г.Батхүү, Баабар, Р.Амаржаргал, Х.Баттулга нарын улстөрчид горилж байгаа гэдгээ олон нийтэд ил болгосон. Харин эдэн дээр энэ удаа З.Энхболд нэмэгдсэнээр нам доторх өрсөлдөөн цаашид ширүүсэж магадгүй нь.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа өмнөх удаагийнх шиг орон даяар сунгаа явуулахгүй байхаар АН-ын шинэ удирдлагууд өөр хоорондоо тохирсон гэх. Бүр тодруулбал, ҮБХ-ны хуралдаанаар асуудлыг авч хэлэлцэхээр шийдсэн бололтой.
Орон даяар шударга сунгаа явуулсан тохиолдолд З.Энхболд, Х.Баттулга нарын гарч ирэх магадлал бага. Эсэргээрээ Н.Алтанхуяг, Баабар, Р.Амаржаргал нарт АН-ын анхан шатны гишүүд итгэл хүлээлгэх магадлал өндөр харагдаж байгаа талаар тоймчид бичиж буй нь оргүй биш.
Үндэсний зөвлөлдөх хороо гэж байх үед “Алтангадас” автортой Г.Батхүү, Н.Алтанхуяг нар нь үнэмлэхүй олонх байж асуудлыг өөрийн талдаа шийдүүлж чаддаг байсан. Гэтэл одоо нөхцөл байдал С.Эрдэнэ, З.Энхболд, Х.Баттулга нарын талд эргэж тэд өдгөө АН-д давуу хүчтэй болсон. Энэ өнцгөөс харвал АН-ын ҮБХ-ны гишүүд Баабар, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг нарыг бус З.Энхболд, Х.Баттулга нарын аль нэгт нь Ерөнхийлөгчид нэр дэвших мандатыг өвөртлүүлж мэдэхээр байгаа юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна