Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах салбарт эмх замбараагүй сахилга батгүй байдал газар авсан байсан

2017/04/17
УИХ дахь АН-ын бүлгийн дэд ахлагч Ж.Батзандан өнөөдөр "Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Саяхан гэхэд л Батлан хамгаалахын салбарт алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь хууль бусаар өвлийн хүйтэнд гадаа урт хугацаагаар зогсоосноос хөл, гараа тайруулсан гэдэг мэдээлэл ирж байна. Энэ салбар юу болоод байгаа гэдэг дээр АН-ын бүлэг анхаарлаа хандуулж байгаа. 

Батлан хамгаалахын Бат-Эрдэнэ гэдэг сайд байгаа. Бөхийг сайд болгосон. Ардын нам Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуучууд амь насаа алдаж, эрсдэлд орж байна” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

Тэгвэл Ж.Батзандан гишүүний илэрхийлсэн дээрх  байр суурьтай холбогдуулж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-Өнөөдөр Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийхдээ хүний эрүүл мэнд амь нас хохирсон асуудалд Батлан хамгаалахын салбарын сайд нь хариуцлага хүлээх естой гэж мэдэгдсэн. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Гранат дэлбэрсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагаас шалгаж хэн буруутайг тогтоосны дараа холбогдох хүмүүст нь хариуцлага хүлээлгэнэ.

Нас барсан хоёр албан хаагчийг байлдааны үед амиа алдсан гэдгээр нөхөн олговор олгож байна. Батлан хамгаалах салбарт эмх замбараагүй сахилга батгүй байдал газар авсан байсан. Энэ асуудлыг УИХ-ын хаалттай чуулган ЗГ-ын хуралдаанд танилцуулж байсан. Сайдын зөвлөлийн хурлаа хийж ч чадахгүй хэмжээнд хүрсэн байсныг ажлаа авсанаасаа хойш тогтмол хуралдуулж, асуудлыг шийддэг болсон.

-Цэргийн албан хаагч ахлагчдаа шийтгүүлсэний улмаас эрүүл мэндээрээ ноцтой хохирсон асуудал гарсан. Энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой вэ?

-Ийм асуудал өнгөрсөн 1 сард гарсан байсан. Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн. Харин 3 сарын 15-нд иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг ч мөн цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна