АН “дотоод зодоон”-тойгоо Ерөнхийлөгчийн сонгуульд орно

2017/04/18

АН гэж баларсан сөрөг хүчин байна. Ардчиллаас хойшх парламентат он жилүүдэд Монголд ийм сөрөг хүчинтэй УИХ байсангүй. АН ч хэд хэдэн парламентад сөрөг хүч байсан. Ийм царайтай лав байгаагүйг түүх хэлнэ. Тэртээ 2000 онд Л.Гүндалай хүртэл ганцаараа АН-ыг төлөөлсөн хүчтэй сөрөг хүчин байлаа.

Энэ УИХ-д АН уг нь бүлэгтэй. Гэвч нам нь дотооддоо бөөн асуудалтай учраас бүлэг нь ч бас эрээвэр хураавар юм болоод байна. УИХ-ын  дэд дарга Я.Санжмятав хуучин СоцДек-үүдээ нэгтгэн шинэ нам байгуулна, Б.Наранхүү МАН-д элсчээ гээд л тарж бутарсан мэдээ хаа сайгүй л сонсогдож байна.

Уг нь өнөөдөр УИХ-д суудалтай намын хувьд маш чухал өдрүүд өнгөрч байна. Хоёрхон сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Магадгүй, АН-ын хувьд төрийн эрхийг хамжин барилцах сүүлчийн боломж байх. Гэвч энэ намынхан сэхээрч байгаа шинж огт алга. Дотоод сонгууль гээч юмаар намынхаа шинэ удирдлагыг тодруулсан ч дотоод зодоон нь улам гаарав.

Эцэстээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэр хүндийг шалд нь буулгаж байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг АН-ынхны хувьд хуулийнхнаас бултах оромж, эсвэл хэн нэгнээс улс төрийн өшөө авах хэрэгсэл, тэр бүү хэл хувийн өс хонзонгоор нөгөөхөө унагах арга болж хувирав бололтой. Өнөөдөр энэ мэт шалтгааныг тээсэн Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, З.Энхболд, Р.Амаржаргал, Баабар нарын нэр ил болоод байна. Хэн нь нэр дэвших юм, бүү мэд. УИХ-д суудалтай нам нэр дэвшигчээ СЕХ-нд ирэх сарын 5-нд бүртгүүлэх ёстой. Арав гаруйхан хоног үлдсэн байна. Анх сүр бараатай мэдэгдэл хийн “Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сунгаагаар тодруулна” гэж байсан хөг нь ч бүр өнгөрсөн байх. Энэ хэдхэн хоногт сунгаа хийж амжихгүй. Тиймээс нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөл нь дангаар шийдээд явуулчих дүр зураг харагдаад эхлэв. Ингэж ч ярьж байна.

Хамгийн гол нь хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээрээ нөгөөх фракцаараа талцан “зодолдож” буй ажээ. Дээрх нэр дэвшихээр горилогчдыг харахад АН-ын бүх гишүүдийн дэмжлэгийг авах, нэр цагаан улстөрч ганц ч харагдахгүй байгаа юм. Бүгд л ямар нэг байдлаар “хар юм”-нд холбогджээ. Тэрийг ард түмэн мэдэж байгаа учраас энд нуршаад яахав.

Харин нэг л зүйл тов тодорхой болов. АН энэхүү “дотоод зодоон”-тойгоо Ерөнхийлөгчийн сонгуультай тулна. Хэн нь ч мандат авсан, бусад нь татаж унагахаар л ажиллана. Тэгэхээр энэ сонгууль МАН-ынх болохоор шулуудав бололтой.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна