Ц.Нямдорж, “Болдогсон бол дорбинкдчих юмсан” гэж хэлээд бөөн шуугиан дэгдээж байсан

2017/04/18
“ЭЛСНИЙ 13” ба тэдний хувь заяа

2007 оны нэгэн өдөр Ч.Улаан гишүүн намайг дуудлаа. Юун тухай дуудсан болохыг нь нөхрөөс лавлатал, “Намд шинэчлэл өөрчлөлт өрнүүлэхийг дэмжиж байгаа юу? Энэ бичгийг уншаадахгүй юу? Дэмжиж байгаа бол гарын үсгээ зурчхаж үзээрэй” гээд хэдэн хуудас цаас надад өгөв. Миний хэзээний бодож явсан, намыг шинэчлэх хэрэгтэй гэсэн зөв зүйтэй санаа агуулсан, шударга шаардлага тавьсан тэрхүү бичигт арав гаруй гишүүн хэдийнээ гарын үсгээ зуржээ. Эргэлзэх юм надад огтхон ч байсангүй, тэр дор нь дэмжээд гарын үсгээ зураад өгчихлөө. Засгийн газрын гишүүдийн дотроос Хууль зүй, дотоод хэргийн сайд Д. Одбаяр бид хоёр л дэмжсэн байж билээ. 2007 оны 7-р сарын 6-ны өдөр “Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Миеэгомбын Энхболд танаа” гэж хаяглан Т.Ганди, Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж, Д.Арвин, Ц.Мөнхоргил, Д.Одбаяр, Ч.Улаан, Л.Одончимэд, Р.Нямсүрэн, Ч.Авдай, А.Цанжид болон миний бие гарын үсэг зуран өргөх бичиг хүргэлээ.

Үүндээ “МАХН өөрийн ажилд шүүмжлэл, дүгнэлттэй хандаж, өнөөгийн эмх замбараагүй байдлын буруутныг гаднаас хайж, алдааг бусдаас эрэхийг урьтал болголгүй, алдаа дутагдлыг өөрөөсөө эхлэн засаж залруулах нь шударга ёсонд илүүтэй нийцнэ. Төрийн албаны шинэчлэл хийх, Засгийн газарт бүтцийг боловсронгуй болгон олон шат дамжлага, хүнд суртлыг яаралтай арилгах, цомхон чадварлаг, үр бүтээлтэй бүтэц тогтолцоог бий болгох хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж эхлэн төрийн үйлчилгээг сайжруулах гэх мэтчилэн есөн шаардлага хүргүүлж байна” гээд үргэлжлүүлэн. “...Энэхүү шаардлагыг тавьж захидал илгээж буй гишүүд бид албан тушаалын сонирхлоос ангид байж намынхаа шинэчлэлийг түргэтгэх чин эрмэлзлэлээр саналаа илэрхийлж байна.” гэж цохон тэмдэглэж байлаа.

“Сайдын өндөр сэнтийд эргэж заларчихаад, очиж очиж Д.Тэрбишдагва яаж байгаа нь тэр вэ? Яагаад тэр хүн ийм алхам хийв? М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн байж намын дарга, засгийн газрынхаа тэргүүний эсрэг яаж байгаа юм бол?” гэх зэргийн хэл яриа, элдэв янзын таамаглал хэвлэлээр нэг хөвөрч байв. Сүүлдээ бидэнд Элсний 13 гэдэг хоч ч өгөөдөхлөө. Манай намын нөхдүүд л биднийг ил далдуур ийнхүү хочилж, мохоож, гутаах санаатай байгаа нь хэзээнээсээ хойш тодорхой юм чинь. Элсний 13 хэмээх нэр хоч зүүсэн тэр хүмүүсийн дотор сайд нар, байнгын хороодын дарга нар, туршлагатай улстөрчид багтсан байсан юм. Гэхдээ миний хувьд, тодорхой нэг саналаар бусад нөхөдтэйгөө санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлж байв.
Тэр бол “Сонгуулийн хугацаа дөхсөн, намын нэр хүнд ихэд унасан учир юуны өмнө Ерөнхий сайд, намын даргын албыг түр салгая. Ерөнхий сайд М.Энхболд засгийн газрынхаа ажлыг хийг. Харин намын даргаа өгч, орондоо өөр хүн томилуулах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байсан юм. Тэр бол миний хувьд тухайн үедээ гарцаагүй тулгарсан тактик нүүдэл байсан юм. Түүнээс биш намын дарга, засгийн газрын тэргүүн хоёр нэг л байх ёстой гэсэн хатуу бодолтой явдаг юм. “Засгийн газрын ажил ид ундарч байхад Ерөнхий сайд намынхаа ажлыг хийж амжихгүй ээ. Сонгуулийн өмнө МАХН- ын XXV их хурлыг хуралдуулж, намын бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчний томилгоонд шинэтгэл хийж, намын дарга нь түүндээ анхаараг. Засгийн газраа М.Энхболд толгойлоод яваг” гэсэн бидний дэвшүүлсэн санал, байр суурийг намын төлөөлөгчдийн олонх нь дэмжээгүй юм. Ардчиллын зарчмаар бүгдээрээ хэлэлцэж, олонхоороо аливаа юмыг шийддэг хойно. Тиймээс намын их хуралд оролцсон төлөөлөгчдийн гаргасан шийдвэрийг хүндэтгэхээс өөр аргагүй байв.
 
Элсний 13-ын шаардах бичгийн анхны төслийг Ц.Шаравдорж бичиж, Д.Дэмбэрэл, Т.Очирхүү нарт үзүүлж, Ч.Улаан, Л.Пүрэвдорж нар дэмжсэнээр бусад нөхдөд саналаа танилцуулж эхэлсэн гэдэг. Элсний 13 хэмээн цоллуулагсдыг Ерөнхийлөгч Н.Энхбаярын фракцын хүмүүс, түүний явуулга, түүний үүрэг даалгавраар гарч ирсэн хүмүүс гэж харддаг, гоочилдог л юм. Н.Энхбаяр дарга надад л лав ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн тохиолдол байгаагүй. Одоо бодож байхад тэр хүнд энэхүү асуудлыг хаяглаж, бидний тавьсан шаардлагыг бүрхэгдүүлж, улмаар анхаарлыг өөр тийш хандуулах гэсэн арга саам ч байсан байж болох л юм.

Манай арван гурвын нэг, шийдмэг, зоримог, бичиг номын чадвартан, олон талын авьяастан “Хоржоонтой дурсамж” номоороо утга зохиолын дээд шагнал “Алтан Өд” хүртсэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэд маань 2013 онд дээрх номондоо ингэж бичсэн байна билээ. “Анх 2005 онд МАХН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшин ахлагчтай жигүүр гэж байгуулагдахад, Ц.Нямдорж, “Болдогсон бол дорбинкдчих юмсан” гэж хэлээд бөөн шуугиан дэгдээж байсан. Жигүүрээ ад үзэж хавчаад, журмын нөхдөө бүлтгэнүүлж байтал нь “Элсний 13” гэгч гарч ирээд сандаргасан юм. Сандаргана гэдэг намын дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг айлгачихсан гэсэн үг. 2007 оны хавар нэг өдөр Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Д.Пүрэвдорж нар манай өрөөнд орж ирээд намын рейтинг урд хожид байгаагүй дор орлоо. Энэ чигээрээ байвал 2008 оны сонгуульд гарцаагүй ялагдана. Бүгдээрээ зохион байгуулалтад орж, шаардлага тавьж, Намын их хурал хийлгэж, намын дарга Ерөнхий сайдын ажлыг тусгаарлая. Намын даргад зөвхөн Их хуралд бэлтгэх ажил даалгаж бүгдээрээ тусалъя. Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, боловсон хүчний бодлогод өөрчлөлт оруулъя гэх мэт сэдвээр ярилцаж санал нэгдлээ.

Бидний 13 гишүүний тав нь сайд болон салбар тэргүүлж байсан хүмүүс. Н.Энхбаярын ятгаасаар “Элсний 13” нэгдсэн гэсэн яриа дэгдээсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгч дээр орж, уулзаж зөвлөгөө авдаг хүн байсныг би нотлохгүй, бас үгүйсгэхгүй. Харин С.Баярыг М.Энхболдын оронд Намын даргаар сонгох асуудлыг анх ярьсан хүн нь бол би” гэж тухайн үеийн яг үнэнийг хачир чимэггүй бичсэн байна билээ. С.Баяртай ч тэр, Н. Энхбаяртай ч тэр би л лав аль алинтай нь уулзаагүй юмдаг. Намд шинэчлэл хийх цаг зайлшгүй болсон гэдэг итгэл үнэмшлээрээ л хандсан. М.Энхболд МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албыг давхар хашиж байв. Танхимынх нь гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа өөртэй нь уулзаж, учир байдлаа шулуухан л “Нам сонгуульд ялах 386 магадлал тун тааруухан боллоо. Ийм үед их хурлаа зарлаж, шинэчлэл хийх болсон. Ард түмний дунд ч хүлээлт их үүслээ” хэмээн санаа бодлоо ил тод илэрхийлж байв. Ер нь ч би сумаа тавиад нумаа нуухад дургүй хүн. Ямар ч түвэгтэй юм байсан нүүр нүүрээ харж байгаад хамтдаа шийдэхийг чухалчилсаар ирсэн. Тэр үед намын ажил үнэхээр тааруу, засгийн ажил тун сайн байсныг онцолж хэлэх хэрэгтэй. Засгийн газрын тэргүүн аж ахуйн болон эдийн засгийн өргөн мэдлэгтэй, өндөр ур чадвартай байх ёстой.

Тэр талаас нь авч үзвэл М.Энхболд олон жил нийслэлийг удирдаж, аж ахуйн ажил хийсэн арвин туршлагатай хүн учраас ажил хэрэгч шийдвэр гаргадаг улстөрч гэвэл зохилтой. 2004 оноос 2005 онд хүртэл Ц.Элбэгдоржийн Засгийн газарт ч Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсны хувьд түүний ажлын арга барил өөр гэдгийг мэднэ л дээ. Ц.Элбэгдорж бол барууны технологийг ашиглахыг хичээдэг улстөрч. Бага гэлтгүй шийдвэр гаргасан л бол түүнийгээ сурталчлах, олон түмэнд таниулах тал дээр маш их анхаардаг бол М.Энхболдын үед улс орны эдийн засагт чухал нөлөөтэй, олон шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн боловч нийгэмд хүргэх тал дээрээ хангалтгүй ажилласан талтай. Аливаа эрс өөрчлөлт шинэчлэлтэд алдаа, онооны аль аль л байдаг. Тэр зуур зарим нь завшиж, зарим нь хаягддаг. Элсний 13-н гэгдэх бид бол үнэндээ нам дотроо хувьсгалын дайтай, эргэлтийн чанартай чухал үйлс бүтээсэн юм шүү. Даргаа шүтдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, сайнаар хэлбэл, хатуу сахилга баттай, тааруухнаар хэлбэл, ямар нэгэн байдлаар захиргаадалтан дор байдаг тухайн үеийн намын хувьд маш зоримог алхам болсон юм.

Бид хэдийн хэн нь ч хожоогүй, анхнаасаа ч хэн нэг нь хожих зорилго ч тавиагүй, харин нам л хожсон, намдаа ч хожил авчрах гэсэн юм. Хэт боомлогдсон тэр нөхцөлд намын дотор шинэчлэлийн цэвэр агаар сэвхийтэл оруулж салхилуулсан гэж боддог. Үнэндээ бид л зориглоогүй бол манай нам үлбийж явсаар сонгуульд бүрмөсөн ялагдах магадлал өндөр байсан юм. Арван гурав гэгдсэн бид албан тушаалын төлөө тэр чухал өөрчлөлт, хувьслыг санаачлаагүй гэдгээ дахин хэлье. 387 “Элсний 13” гэж бид элдвээр хэлүүлж байсан ч дэмжих хүмүүс олон байсан юм. Аливаа чухал асуудлыг халуун дотноор, чин сэтгэлээр хэлэлцээгүй бол хуурай бас амьгүй болдог. “Намын магтдуу”-г манай гэрт хамтдаа дуулав. Улаанбаатар, 2007 он Би энд хувьсгал гэдэг үгийг хүчирхийллийнх нь утгаар биш, хувьсгах, өөрчлөх, шинэчлэх, хувиргах, өөр хувилбарт оруулах, тогтож хэвшсэн хана хэрмийг нураах гэсэн тэр утгаар нь хэлж байгаа юм.

2008 оны УИХ-ын сонгуулиар мөнөөх Элсний 13 гэгдсэн бидний хувьд сонгуульд найдвартай тойргоо буюу өөрсдийн танил болж, их зүйл хийж, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн тойргоо авч өрсөлдөх гэдэг амаргүй даваа болж хувирав. Дорноговь аймгаас дөрвөн удаа сонгогдсон, нутагтаа асар их нэр хүндтэй Ц.Шаравдорж л гэхэд тэндээ дахин нэр дэвших эрх авч чадаагүй, Сонгинохайрхан дүүрэгт оноогдсон. С.Баярыг чадлаараа дэмжиж ирсэн Л.Одончимэд бас л нутагтаа нэр дэвших боломжгүй болж, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурьт байраа тавьж өглөө. Тэгээд манай Одонгоо Чингэлтэй дүүрэг буюу Ардчилсан намын нэг лидер, хожим Ерөнхийлөгчийн сэнтийнд заларсан Ц.Элбэгдоржтой хамт өрсөлдөж, өвдөг шороодсон. Үнэндээ сонгогдож гарч ирэх магадлал багатай тойрогт хүчээр илгээж, боловсон аргаар улс төрөөс холдуулсан гэж хэлэхэд ч бараг болох л болов уу. УИХ-ын даргаар сонгогдсон Д.Дэмбэрэл, туршлагатай хуульчийнх нь хувьд ч, зан аашийг нь олон жил мэддэг хүний нь хувьд ч Ц.Шаравдоржийг шилж УИХ-ын Тамгын газрын даргаар томилсон нь тодорхой. Л.Одончимэд агсан бол маш оюунлаг, энэ цагийн жинхэнэ сэхээтэн хүн байв.

Харамсалтай нь аль ч салбарт аваачаад тавьсан жин дарахуйц тэр том сэхээтэн, нэртэй улстөрч одоо бидний дунд байхгүй болсноороо нөхөх аргагүй сүрлэг орон зай нь, хоржоонтой үг нь, монгол сайхан эр хүний дүр төрх нь өөрийн эрхгүй үе үе үгүйлэгддэг юм. 2004 оноос 2008 оны хооронд УИХ-д номоос ер салдаггүй хоёр эрдэмтэн байсан нь Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Ч.Авдай, доктор профессор А.Цанжид хоёр. Элсний 13-н тоонд багтаж явсан энэ хоёр эрдэмтэн улс төрөөс холдож, эрдэм шинжилгээний ажилдаа шуурхайлан орж, олон сурах бичиг, ном туурвиж, олныхоо оюунд цэнэг нэмж явна. А.Цанжид бол улс төрийн онолоор их, дээд сургуулиудад цөөнгүй жил лекц уншсан, 1996 оноос хойш МАХН-ын онол арга зүй, үзэл баримтлалыг боловсруулахад их үүрэг гүйцэтгэсэн хүн. Зөөлөн, аядуу дуутай, нухацтай яриатай энэ эрхэм Боловсролын сайд байхдаа ч, УИХ-ын гишүүн явахдаа ч, санаачилгатай ажилладаг, их эрдэмлэг хүн болох нь харваас илэрхий байв. Өөр нэгэн маш тулхтай, соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн, академич бол яахын аргагүй Ч.Авдай гуай. Тэрээр манай арван гурвын эгнээнд орж, шинэчлэл ярьж, удирдлагуудын дургүйг хүргэж эхэлсэн тул дараагийн сонгуулиар түүнд тойрог өгөөгүй.
 
Их шударга, шулуун чигч үгтэй, аливаа юманд даацтай ханддаг тэрбээр нэг удаа намын бүлгийн хуралдаан дээр чамгүй бухимдаж, “Нямдорж оо, Лүндээжанцаан, та нар дэндүү хоцрогджээ. Юм нэг ч уншихгүй ээ, хүний үг ганц ч авахгүй ээ. Та нар шиг ийм улс яаж удирдах ажил хийх юм бэ? Та нар огцорвол таарна” хэмээн нэрлэж байгаад цоргитол хэлэхэд хүний савыг хоосон буцаадаггүй манай нөгөөх айхтар хүмүүс чив чимээгүй, хэн нь ч, юу ч хэлэлгүй өнгөрч байж билээ.

Зангараг л гэж тэр байх. Гэтэл Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёр чинь хэн сэн билээ дээ, уншихын ихээр уншдаг, мэдэхийн ихээр мэддэг манай ангийн ланжгарууд шүү дээ. Тэгээд би бодсон юм, академичид гологдох ч яах вэ ээ, хэн ч байгаад нэмэргүй, харин итгэл үнэмшилдээ л үнэнч үлдэх л юмсан гэж. Ийнхүү шинэчлэл өөрчлөлтийн төлөө цоролзож, царцанги хөшүүн байдлыг хайлуулж дулааруулъя, урагшлуулъя гэсэн чинхүү бодол санаа өвөрлөж, нэгдэцгээсэн Элсний 13-ынхны хувь заяа нэг янзаар шийдэгдэж, зүг зүг тийшээ явж, зөн зөнгөөрөө амьдрал өрнөсөн дөө. Лаа хайлж, богиносдог ч дуусан дуустлаа орчноо гэрэлтүүлдэг л юм даа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын "ЗААГ"номноос


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна