Чуулганаар Прокурорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2017/04/20
 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэийг шийдвэрлэнэ. Улсын Их хурлаас 1993 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг батлан гаргаж, эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах боломжтой байхаар, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар шинээр тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёог шинээр тусгахдаа туслах прокурор зөвхөн Улсын ерөнхий прокурорын газарт байхаар зохицуулжээ. Түүнчлэн прокурор төр, нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор талуудын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөн оролцох чиг үүргийг шинээр тусгаж, уг чиг үүргийн хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт сэлт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах бүрэн эрхтэй байхаар тусгасан байна.

Прокурор шинээр “нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах“ чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой “нэхэмжлэл, гомдол” гаргахаар томьёолсон. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу прокурор шүүх эрх мэдэлд багтдаг тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуультай ижил агуулгаар прокурор нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хараат бус байдалд нь халдсан аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар дээд шатны прокурорт мэдүүлэх үүрэгтэй байх зэрэг шинэлэг заалтууд туссан байна.

Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын гишүүдээс 2016.12.28-ны өдөр өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм байна.
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна