О.Баасанхүүг Төрийн ордны өрөөнөөс хөөх бичиг ирүүлжээ

4 цаг 53 минутын өмнө
 УИХ-ын гишүүн цаг үеийн асуудлаар шуурхай хурал зарлажээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгнийх нь төлөө албан өрөөнөөс нь "хөөх"  арга хэмжээ авч байна гэх товч мэдээллийг өглөө. Тэрбээр Төрийн ордонд байрлах албан өрөөндөө суух эрхгүй болсон тул ордны  аль нэг хэсэгт юмуу УИХ-ын даргын өрөөний улаан буйдантай кридорт суух гэнэ.

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэх үед "Нэг их наяд төгрөгийг 3 банканд оруулаад 160 тэрбум төгрөгийг ХХБ авсан гээд хөрөнгийг нь нийгэмчлээд авсан. Үлдсэн 800 гаруй тэрбумаас ихэнхийг нь MCS авсан байна. Үүнийг шалгасны дараа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдмээр байна. 800 тэрбум бол маш их мөнгө.

Адилхан л Монголбанкнаас суутгасан юм чинь энэ хөрөнгийг нийгэмчлэх хэрэгтэй. Хууль бус хөрөнгөө татсаны дараа хөрөнгө оруулалтын асуудал ярихгүй бол одоогийн энэ ярих гэж байгаа хуулийг батлаад нэмэргүй. Тиймээс хэлэлцэх асуудлыг дарааллаас хасах саналтай байна.

Эхлээд Монголбанкны шалгалт байдаг бол оруулаад, нэг их наяд үнэхээр УБ банк, ХХБ, Голомт банкуудад орсон бол шалгах хэрэгтэй байна. Өмнө нь Тавантолгойн асуудал ярихаар MCS-с болоод гацаанд ороод байсан. Одоо ийм боломж гарч байгаа дээр шалгах хэрэгтэй. 450 сая доллараар ОУВС-д орох гэж зовж байхад 500 сая долларыг 3-хан компани авсныг хөндөхгүйгээр өнгөрч болохгүй" гэсэн юм.

Түүний дээрх хэлсэн үг Төрийн ордны өрөөнөөсөө "хөөгдөхөд" хүргэсэн гэнэ. Тэрбээр энэ талаар 11.30 цагт  хэвлэлийн хурал хийхээр болжээ. 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна