УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Оффшортой тэмцэх хууль батлагдсан ч цоорхой ихтэй гэдгийг гишүүд шүүмжилж байна.
-Намрын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай буюу оффшортой тэмцэх хууль орж ирсэн. Чуулганы болон байнгын хорооны хэлэлцүүлэг дээр нэлээдгүй асуудал дагуулсны нэг нь Монгол Улс хуульгүй мэт явж ирсэн өнгөрсөн 20 гаруй жил улс орны баялгаас хулгайлж, оффшор бүсэд байрлуулсан хүмүүсийн асуудлыг орхигдуулсан явдал.
Миний хувьд энэ байр суурийг илэрхийлж ирсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх оффшорчдоо хаацайлсан, хамгаалсан хууль болсон гэж үзсэн. Үүний үр дүнд Засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татсан. Дараа нь олон нийтийн шахалт шаардлагаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, хаврын чуулганаар оффшортой тэмцэх хуулийг дахин өргөн барилаа.
Мөн л олон нийтийн шүүмжлэл, шахалтаар аргагүйн эрхэнд баталлаа. Гэхдээ энэ хуулийг баталснаар асуудлыг шийдвэрлэчихлээ гэж бодвол эндүүрэл. Хууль бусаар хөрөнгөжсөн, Монголын баялгийг хулгайлсан хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг төр байнга анхааралдаа авах ёстой. Түүнчлэн хууль хүчний байгууллагууд шийдвэртэй алхмуудыг хийх ёстой.
-Оффшор дансанд байгаа мөнгийг илрүүлэх, эх орондоо авчрах нөхцөл боломж хэр байгаа вэ?
-Оффшор бүсийн орнууд тухайн бүс дэхь данстай холбоотой мэдээллийг маш их нууцалдаг. Оффшор бүсэд данстай манай улсын нэр бүхий иргэдийн мэдээлэл олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хөдөлмөрийн үр дүнд ил болсон.
Ер нь бол Хонконгт их хэмжээний оффшор данстай Монголын иргэд байгаа гэх мэдээлэл бий. Хонконг манай улсад мэдээлэл өгөх тал дээр маш хатуу байдаг. Тэгсэн ч манай төр болон гүйцэтгэх засаглал, хууль хяналтын байгууллагууд идэвхтэй ажиллах ёстой.
-Гэр бүлийн гишүүд буюу хамаарал бүхий этгээдийг оффшорын хуульд хамруулснаар гурван сая хүнд нялзаасан хууль боллоо гэж эсэргүүцсэн гишүүд цөөнгүй байсан. Хуулийн байгууллагад хэр их ачаалал, зардал нэмэгдэх бол?
-АТГ-т мэдүүлэг гаргадаг 40 гаруй мянган иргэн бий. Хамгийн багаар тооцоход 200 гаруй мянган хүний мэдээллийг авч байж шалгах боломжтой болно. Эндээс харахад АТГ-ын ачаалал их нэмэгдэнэ. Хамаарал бүхий этгээд гэхээр дор хаяж нэг хүнд 4-5 хүнийг тооцож, шалгах үйл явц хүндрэлтэй болно гэсэн үг.
-Сүүлийн өдрүүдэд концессын гэрээтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Танай намын бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
-Төсвийн тодотголыг хэлэлцэхэд концессын гэрээнүүдийг заавал хамт оруулж ирэх ёстой. Улсын төсвөөс барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр хийгдэж, тодорхой хэмжээний мөнгө зарцуулж байгаа учраас зайлшгүй хэлэлцэх ёстой. Олон нийтээс шүүмжлэл дагуулаад байгаа концессын асуудлууд нь Засгийн газрын гишүүдийн нэртэй холбогдож байгаа гэсэн мэдээлэл бий.
Долоон концессын гэрээний нийт үнийн дүн 850 орчим тэрбум төгрөг болсон байсан. Энэ бол их мөнгө. Ялангуяа долоон ширхэг бүтээн байгуулалтад ийм хэмжээний мөнгө зарцуулна гэдэг байж болшгүй. Энэ мөнгийг Засгийн газрын өнөөгийн бондоор тооцох юм бол жилд нэг их наяд төгрөгийн зардал гарна гэсэн үг.
Тиймээс АН-ын бүлэг энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Нэг км замыг ойролцоогоор тэрбум 500 орчим сая төгрөгөөр барина гэдэг өндөр өртөг. Энэ асуудалд тодорхой хэмжээгээр улстөрчдийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын сонирхол орсон байх магадлалтай гэж хардаж байгаа.
-Валютын сантай хэлэлцээ хийнэ гэсэн шахалтаар долоон төрлийн татварыг зөвшөөрүүлсэн ч нууцаар концессын асуудал оруулж ирж байгаа нь итгэл алдсан зүйл болсон гэдгийг МАН-ын гишүүд хэлж байсан?
-Төсвийн тодотголын хүрээнд нэмэгдүүлсэн долоон төрлийн татвар бүх ард түмэнд хамаатай. Долоон төрлийн татвар нэмэгдүүлээд 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олох бол долоон төрлийн концессоор 800 тэрбум төгрөгийн зардал гаргаж байх жишээтэй. МАН эдийн засаг хүнд гэж хэлж байгаа боловч начир дээрээ эсрэг шийдвэр гаргаж байгаад харамсч байна.
-Сөрөг хүчин сулбагар байна гэх шүүмжлэл бий. 65 хүний өмнөөс есүүлээ хэр хүчтэй ажиллаж байна?
-Манай намын бүлэг чуулган болон байнгын хороогоор хэлэлцэж байгаа бүх асуудалд зарчмын байр сууриа илэрхийлж байгаа. Эрх баригч намын гаргаж байгаа шийдвэр ард түмэнд таалагдахгүй байгаа учраас ард түмний үгийг төрд хүргэх үүргээ хангалттай биелүүлж байна.
Сонгуульд есөн хүнтэй бүлэг байгуулах хэмжээнд АН-ыг сонгосон нь манай намын өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд өгсөн дүн. Тиймээс ард түмний хийсэн сонголтын хүрээнд кнопын олноор биш зөв зүйлийн төлөө ажиллах болно.
Өнгөрсөн дөрвөн жил АН-ын хийсэн бүтээн байгуулалтад ард түмэн онц дүн тавьсан. Хамгийн гол нь засаглалыг хэрэгжүүлэхдээ нэгнээ үл хүндэтгэж байна гэдэгт шүүмжлэлтэй хандсан.
Тэртээ тэргүй ард түмэн дүнгээ тавьчихаад байхад МАН дахиж ухаж төнхөөд асуудлыг бүтэн жил дамнуулан ярих хэрэггүй. Өнгөрсөн дөрвөн жилийг биш өнгөрсөн нэг жилд эдийн засаг сайжруулахад, иргэдийнхээ төлөө юу хийж бүтээснээ ярих хэрэгтэй. Цаашид хийх ажилдаа төвлөрөх хэрэгтэй.
-Зөрчлийн хуульд танай намын бүлэг завсарлага авсан. Хүний эрхийг дордуулсан ямар заалт орсон гэж харж байна вэ?
-Зөрчлийн хуульд урьд нь торгоод асуудлаа шийдвэрлээд явдаг байсан бол баривчилдаг болсон нь хүний эрхийг дордуулж байна гэж үзэж байгаа. Хүний эрхийг дээдлэх чиглэлд урагшлах ёстой учраас судлахаар болсон.
Эх сурвалж:Зууны мэдээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна