Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийгдэхээр товлогдсон. Энэ дагуу өчигдөр /2017.04.25/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэгт чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх чиг өгсөн юм.
Байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамжавын гаргасан гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын саналаас үүдэж өчигдөр томоохон телевизүүд эфирээ түр хааж “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа" гэсэн сануулгыг эрх баригчдад өгсөн юм.
Хэрвээ Б.Гарамжавын гаргасан горимын санал чуулганы хуралдаанаар олонхийн дэмжлэгийг хүлээвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжих боломжтой болох байсан юм.
Гэсэн хэдий ч олон нийтийн хүчтэй эсэргүүцлээс үүдэж Б.Гарамжав өөрийн гаргасан горимын саналаа буцаан татаж байгаа тухайгаа мэдэгдэв. Тэрбээр энэ талаар хэлэхдээ, "Хүний алдар нэр гэдэг бол мөнгөөр үнэлэшгүй үнэ цэнэтэй учраас торгуулийн хэмжээтэй холбоотой, Хууль зүйн байнгын хороон дээр гаргасан саналаа албан ёсоор татаж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна