Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх өчигдөр хянан хэлэлцжээ. Улмаар Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна.
Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам нь 2015 онд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд 3,000 гаруй гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн асан Г. Уянга тус намын даргаар 2016 оны дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн ажиллаж байсан юм.
Тэгвэл асуудлаас үүдэж тус намын дарга асан Г.Уянга, “Монголын гэмт хэрэгтнүүдэд зиндаа байдаггүйг мэдлээ. Өөрийг нь огцруулах асуудлыг тууштай тавьсны хариуг Ерөнхийлөгч 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Ц.Баянбилэгтэй нийлж авлаа. Өнөөдөр УДШ хуралдаж, намын дарга, генсек нь мэдээгүй, оролцоогүй хууль бус хурлаар намайг сольсныг бүртгэж ёсчилжээ.
Миний бие 9 долоо хоногтой бие давхар байсан бөгөөд ачаалал, хямрал нэрвэж хүүхэд минь амьгүй болж, улмаар их хэмжээний цус алдаж эмнэлэгт байсан учраас үнэндээ шүүх хуралд оролцох боломжгүй байсан. Шүүх хуралдаанд биеэр оролцож хууль ёсны учрыг тайлбарлах чухал шаардлагатай гэж үзэж байсан учраас эл учраа хэлж хойшлуулж өгөхийг хүссэн ч шүүх хэрэгссэнгүй.
Хууль ёсны хурлаа хуралдуулж намын удирдлага солилцохын төлөө би байсан. Эд арай л хүнлэг биш байлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэмт хэрэгтнүүдтэй нийлэн миний хүүхдийн амиар наадаж улстөрөө хийж байгааг жигшиж байна.
Шүүхийн шийдвэрийг гар дээр хүлээн авсны дараа энэ асуудлаар албан ёсоор хэвлэлийн хурал хийж мэдээлэх болно” гэх мэдэгдлийг хийсэн байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна