УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр энэ үеэр, “Төрийн зүгээс шийдэж байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж, бүтээгчдийн талыг барьж ажлаа хийх хэрэгтэй. Энэ чиглэл рүү анхаарах хэрэгтэй байх гэж бодлож байна. Шүүх дээр асуудал очсон л бол шийдвэрлэх хэрэгтэй. Шүүх дээр дутуу материал ирүүлдэг, мөрдөн байцаах байгууллагуудын дутуу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэд, аж ахуйн нэгжийг хохироодгийг болих хэрэгтэй. Иргэдийн эрх, үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрхийн асуудал хөндөж байна. Энэ үнэт зүйлээ хамгаалсан байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй. Төрд эхлээд хариуцлага бий болгоё. Төрд алба хашиж байгаа хүмүүс дээр ёсзүйн дүрэм гаргах хэрэгтэй. Нүд, чих болсон иргэдийн эрхийг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж яриад байгаа фэйсбүүк, твиттерийн талаар яригдаж байна. Үүнийг техникийн аргаар зохицуулж болно. Гэтэл хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэдэг бол буруу зүйл. Манай улстөрчид гүтгүүлээд иргэний хуулиар асуудлыг шийдвэрлэх боломж Иргэний хуулиар бүрэн байгаа.
Торгууль нэмлээ гэдэг дээр шуугиан болж байна. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхээр үндсэн санал нь үлдэж байна. Үндсэн саналаа ч татаж ав. Өөрсдийгөө тойрсон ёсзүйн, хариуцлагын хуулиа батлаагүй байж, иргэдийн нүд, чихийг боож болохгүй. Ухаалаг улстөрчид өөрсдийн үйлдлээ хянаад явдаг. Иргэдтэй холбоотой асуудлаар барьцах, зогсоох үйл ажиллагаа явуулж болохгүй. Өөрийнхөө үг, үйлдлээ хянаад явахад хэвлэл мэдээллээр гарсан зүйл албан тушаалтнуудад хэрэгтэй байдаг. Хэрвээ гүжирдлэг байвал няцаах эрх нь байгаа. Энэ заалтыг бүрэн хүчингүй болгох хэрэгтэй. Улс төрийн алба хашиж байгаа хүн гомдол гаргаад явдаг заалтыг хасах хэрэгтэй. Иргэний хувиар гомдол гаргах эрх нь бүрэн нээлттэй байгаа шүү.
Хөрөнгө оруулалтын хуулийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх хэрэгтэй. Гаднынханд газар, үндсэн хөрөнгөө барьцаалж болохгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал. Үүн дээр УИХ-ын гишүүд онцгой анхаарах ёстой. Газар нутгаа гадныханд барьцаалж болохгүй. Шаардлагатай бол энэ хуулийг буцаах ёстой. Энэ гурван асуудлаар би санал оруулж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд чуулганы хуралдаанд оролцож, санал хэлж болно гэсэн байдаг. Хариуг надад бичгээр ирүүлээрэй” гэлээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна