Дайны жилүүдэд бэлтгэгдсэн анхны сувилагч

2017/05/11
Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан 1926 онд төрсөн, Пунцагийн Аюуш хэмээх энэ буурлыг зорьж очив. Тэртээх дайны хүнд хэцүү жилүүдэд арван хэдхэн настай жаахан охин, эрүүл мэндийн салбарт бага эмчийн үүрэг гүйцэтгэж, эрүүл мэндийн салбарт 10 жил ажиллажээ. Бас өнөө цагт түүнийг байдаг, үгүйг ч мэдэхгүй, хэн нэгэнд мартагдаж хоцорсон ийм нэгэн түүхт хүмүүнтэй уулзан  “Амьдралын хөрөг”-ийг нь урлах гэж хичээв. Түүнтэй эмч, сувилагч хүний ажил, амьдралын замнал, бахарлын талаар яриа өрнүүлсэн юм. 

СУВИЛАХУЙН САЛБАРТ 10 НАСТАЙ ОРЖ ИРЖ БАЙЛАА

Пунцагийн Аюуш гуай өдгөө нас сүүдэр 92 хүрч явна. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрж, өссөн хэмээн чих сонор, ухаан саруулхан яриа өрнүүлэх нь хүндлэл бишрэлийг төрүүлэх аж. Баруунбаян-Улаан хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу 1924 онд байгуулагдсан эртний сум. “Миний нутаг сайхан нутаг. Говь, хангай газар хосолсон” гэж ирээд нутгаа магтах нь хүртэл сайхан.

Нээрээ ч Өвөрхангай  аймгийн баруун урд хэсгийн говийн бүсэд Зүүн богдын ар хоолойд, их элсний захад, Цагаан нуурын хойд дэнж дээр оршдог. Баруун талаараа Баянхонгор аймгийн Богд сумтай, хойд талаараа Нарийнтээл сумтай хил залгаа нутагтай. Ийм л сайхан нутагт арван хэдхэн настай охин эмнэлгийн хүн болохоор сувилахуйн албанд хүчин зүтгэж байж.  Одоогийнхоор бол арван хэдтэй хүүхэд юун хүн үзэж, эмчлэх. Асарч тойглох ухаанаа ч олохгүй будлих нас. Гэтэл энэ хүн тийм л бага залуу, хүүхэд насандаа биедээ ахадсан энэ ажлыг хийж явжээ.

“Би эхээс дөрвүүлээ. Одоо ганцаараа үлдсэн” хэмээн ярих энэ буурлын сувилахуйн салбартай ажил, амьдралаа холбосон түүх бас их сонин. Тэрээр “Сувилагч гэдэг сайхан мэргэжил. Хүнд тустай, хаана, хэзээ ч, ямар ч нөхцөлд өөрийгөө аваад явчихна. Аливаа хатуужлыг давж, хүнд аятайхан үйлчилж чаддаг. Мөн айл гэрийн халамжит сайн хань байж чаддаг. Ажил амьдрал дээр ч энэ мэргэжлийн давуу тал мөн ч их дээ” хэмээн яриагаа эхлүүлэв.

ХӨДӨӨД БЭЛТГЭГДСЭН АНХНЫ СУВИЛАГЧ 

“Дөнгөж арван хэдхэн настай байхдаа  45 хоногийн курст суралцаад, хүн эмчилж, сувилах гээд Нарийнтээл суманд ирж байлаа. Анхны сувилагчдын нэг байх.  Манай сумаас ердөө гуравхан хүн энэ сургалтанд хамрагдаж, энэ чиглэлээр ажилласан байдаг. Одоо нэг нь амьд сэрүүн байдаг үгүйг нь мэдэхгүй. Ямартай ч нэгийг нь бурхны оронд заларсан гэж сонссон. Бага эмчээр Баруун баян-Улаан, Нарийн тээл суманд 10 жил ажилласан” хэмээн П.Аюуш гуай дурсамжаа хуваалцав.

Түүх сөхвөл түүний эрүүл мэндийн салбарт хөл тавьсан энэ үе  халхын голын зарлаагүй дайны эхлэл тавигдаж байсан үе. Монгол цэргүүд 1939 онд өмсөх хувцасаа ч тайлах завгүй, гурван жил дархан хилээ манаж, эх орныхоо сөөм газар бүрийн төлөө амь өрсөн тулалдаж байсан тийм л хүнд хэцүү цагт П.Аюуш гуай бага эмчээр бэлтгэгдэн гарч байжээ.  Өдгөө нас сүүдэр 90 хол давсан энэ буурай надтай уулзахдаа нэг зүйлийг сануулж хэлсэн.

“Эмээ нь он, сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна шүү. Тиймээс тойм төдий яриа өгөх байх” хэмээн санаа зовж суугаагаа хэлсэн. Тиймээс эрхэм буурлын насыг хүндэтгээд, “Яг хэдийд” гэсэн асуултад хариулт нэхсэнгүй. Ямартай ч үр хүүхдүүд нь ээжийгээ Монгол Улсын анхны сувилагчдын нэг гэдгээр нь одоо ч бахархан ярих дуртай юм. Харин холбогдох салбарынхан нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй сууж байдагт сэтгэл дундуурхан явдагаа нуусангүй.

СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ЖАРГАЛ, ЗОВЛОН 

“Сувилагч хүн өвчтөнүүдтэйгээ эмчээс ч ойрхон харилцаж  байдаг. Мөн  эмнэлгийн салбарын бүхий л хар бор ажлыг бүгдийг нь гардаж хийнэ. Сувилагч шаардлагатай үед л эмч нарт хандахаас ямар ч ажлыг хийх мэдлэг, чадвартай байх ёстой. Өвчтөнөө нарийн ажиглаж, асаргаа, сувил­гааг хийхээс өгсүүлээд мөнхийн завгүй хүмүүс байдаг. Би тэр үед мөн л амсхийх завгүй их ажилтай байдаг байлаа. Нас залуу ч гэсэн  мэдэхгүй, чадахгүй гэлгүй хүний төлөө бүхнийг хийж явлаа. Угаалга хийх, тариа тарих, өвчтөнөө үзэх, эм тариаг нь цагаар өгөх гээд тоочиж барахгүй ажилтай байдаг байсан”...хэмээн ярих нь аргагүй л эмнэлгийн хүний амнаас гарах  үг аж.

“Арван жил ажиллахад энэ ажлаас халшрах, халгах тохиолдол гарч байв уу?” гэсэн асуултад тэрээр мөн л сэтгэлээсээ хариулав. “Өвчтөний ар гэрийнхнээс эмээх, хэлж чадахгүй зүйл гарах үед халгаад, хэцүү. Хагацлын гуниг зовлон гэдэг мөн ч хэцүү шүү.  Аваар осолд орсон ч хүн ирнэ. Ажил мэргэжлээ бодсон ч, хүн хүнээ бодсон ч туслахаас өөрцгүй үе  тулгарна.

Харин тэр үед алган дээр минь хүн амь тавьж байсан то­хиол­дол гарсангүй ээ, бурхны аврал байх.  Би чадахгүй, мэдэхгүй, учраа олохгүй, өвчин нь хүндэрсэн хүнийг аймгийн төв рүү, хот руу л бушуухан явуулдаг байлаа. Харин мэдэх, чадах, өөрөө аргалаад эдгээх, өвчнийх нь учир байдлыг мэдэх хүнээ дэргэдээ тойглоод, эмчлээд явдаг байлаа. Цаг хэцүү, лам хараа илүү шүтдэг байсан ч гэсэн орчин үеийн анагаах ухаан, эм тариаг шүтээд баярлаж, талархснаа хэлээд явдаг хүн цөөнгүй бай­сан. Тэр болгонд нь урамшиж, туршлага сууж байлаа” хэмээн тээр холын дурсамжаа хуваал­цахад нүдэнд нь баярын оч гялсхийх аж.

 САЛБАРЫН ШАГНАЛГҮЙ, МАРТАГДСАН ТҮҮХ 

Бага эмчээр ажиллаж байх үеийнх нь түүхээс  сониучирхан сонсох зүйл ч олон. “Тэр үед машин тэрэг гэж байсангүй. Морь унаад хөдөө явна. Чадахгүй, мэдэхгүй байсан ч чадахын төлөө хичээнэ. Бусдаас санаа зовно. Хөдөөнөөс яаруу сандруу дуудлага их ирнэ. Залуу хүмүүс гэмгүй сайхан дагуулаад явна. Харин нас ахисан хүмүүс замдаа айлгаж, ичээхээс эхлээд хэцүү байдаг байв. Уйлаад учирлах, ташуур далайгаад зугатах гээд бүсгүй хүнд чинь сувилагчаар ажиллах хэцүү байлаа” гэв.  

Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэсэн салбарын ажилтан, албан хаагчид, эрүүл мэндийн салбарыг дэмжигч төр, нийгмийн зүтгэлтэн, аж, ахуй нэгж байгууллагын ажилтан нарыг Засгийн газрын буюу Эрүүл мэндийн яамны шагналаар шагнаж урамшуулдаг. Гэтэл орчин цагт мартагдсан эртний түүх хуучилж суугаа Пунцагийн Аюуш гуайд өнөөдөр энэ бүх шагнал урамшууллын аль нь ч алга. Эрүүл мэндийн салбар гэлтгүй, өнөөдөр түүнийг нутаг, усныхан нь,  ахмад настны холбоо нь бүр мартаж орхиж.

П.Аюуш:  УРТ НАСЛАХЫН НУУЦ  МИНЬ ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН АЧ ТУС БАЙХ 

Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан уулзсан эрхэм буурай, П.Аюуш гуайгаас  зарим асуултанд хариулт авснаа энд сийрүүлэв.

-Та хэдэн хүүхдийн ээж билээ?

-Би найман хүүхдийн ээж. Хүүхдүүдээс минь одоо зургаа нь үлдсэн. Мөн энэ сайхан мэргэжлийнхээ шидийг хүртээд үр хүүхдээ эрүүл саруул авч явдаг байлаа.

-Та эмч болох юмсан,  цаг сайхан болохоор энэ чиглэлээр сурах юмсан гэж боддог байв уу?

-Эмч болох юмсан гэсэн бодол тэр үед төрдөг л байлаа. Гэхдээ сувилагч, сувилахуйн хүн байна гэдэг эмчээс дутуугүй хүний төлөө зүтгэдэг ажил  болохоор энэ мэргэжилдээ хайртай байдаг байлаа. Хүний амьд­рал гэдэг бодож, төлөв­л­өснөөр болох биш дээ. Амьдралын жамаар огт өөр салбарт олон жил ажиллаж байгаад тэт­гэ­вэртээ гарсан. Би МУИС-д олон жил үйлчлэгч хийж байгаад ахмад насныхаа гавьяанд гарсан.

-Эмнэлгийн хүн олон зүйлд санаа чилээж явдаг байх. Харин дотроо баярлаж, догдлох тэр үе хэзээ байдаг бол. Танд ямар үед тийм мэдрэмж төрж байв. Дурсамжаасаа хуваалцаач?.

-Эмч байна гэдэг хүнд баяр баясгалан бэлэглэдэг сайхан мэргэжил.  Санаа сэтгэлийг минь чилээж, хэзээ хэзээгүй байсан өвчтэй хүн эдгэж, эрүүл саруул болох л хамгийн сайхан,  аз жаргалтай мөч байдаг даа. Хүүхэд, хөгшин хүн гэлтгүй хэн нэгнийг эрүүл энх болгох шиг буянтай сайхан ажил өөр хаа ч байхгүй. Хүнд өвчнөөс хагацсан хүмүүсийн чин сэтгэлийн баярыг хүлээж авах л хамгийн сайхан байдгийм даа.

-Таны аав эмч хүн байсан гэсэн үү?

-Миний аав Пунцаг гэж хүн байлаа. Өвөрхангай аймгийн Баруун баян-Улаан сумын хүн. Аав минь оточ хүн байлаа. Эмийн ургамал их түүж цуглуулдаг, түүгээрээ бусдыг анагаадаг хүн байв. Хүүхдийн зан байх, ааваасаа асууж сурч мэддэггүй байлаа. Харин ааваасаа хойш, сувилагч болчихоод. Аавыгаа амьд сэрүүн байхад нь эмийн ургамлын ач тусыг асууж сур­даг байж гээд их боддог байлаа. 

-Та өндөр сайхан насыг насалж явна. Чих сонор, ухаан саруул, эрүүл байгаагийн нууцыг тань сонирхож болох уу?

-Эрүүл хооллолт, эмийн ургамлын л ач тус байх даа. Би эм огт хэрэглэдэггүй. Элдэв төрлийн хоол хүнс, хоолны амт­лагч идэж байсангүй. Эсгэсэн, зүссэндээ зуун наст хэрэглэнэ. Ходоод гэдсэндээ таван салаа, бөөр өвдвөл тэхийн шээг буцалгаж уудаг. Ханиад томуу хүрвэл царван буцалгаад хүртэнэ гээд эмийн ургамлаар л өөрийгөө эмчилж явсан. Үр хүүхдүүдээ ч тэгж л эрүүл аргаар өсгөхийг хичээдэг байв.  Энэ бол сувилагч мэргэжлийн минь гавьяа шүү дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна