Приусчид О.Номин-Эрдэнэд приус авч өгнө

2017/05/11
Баруун дөрвөн замын ойролцоох зогсоолд тавьсан Приус-20 маркийн машин өчигдөр 12.30 цагийн орчимд шатсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл галд шатсан машины жолоочид элэг нэгт монгол ахан дүүс нь туслахаар болжээ. Тодруулбал, фэйсбүүкийн приус эзэмшигчдийн нэгдсэн группээс уг санаачилгыг гаргажээ.

Тус групп ойролцоогоор 100 мянга гаруй гишүүнтэй бөгөөд нэг хүнээс 1000 төгрөгийн хандив цуглуулах тооцоог гаргасан байна. Энэ талаар машин эзэмшигч О.Номин-Эрдэнэ гэх залуу хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Надад туслах гэсэн бүх хүнд туйлын их баярлаж байна. Хүнд, хэцүү үед зүрх сэтгэлээрээ хамт байгаа та бүгдэд баярлалаа л гэж хэлэх байна. Гэхдээ олон нийт буруугаар ойлгох вий гэж санаа зовж байна. Сайхан сэтгэлт олон сэтгэлийн дэм хайрлах гэсэнд баярлаж байгаа.

Гэхдээ би хандив, тусламж хүсээгүй юм шүү гэдгийг хэлэх нь зөв байх. Цагдаагийн байгууллагаас гаргах галын дүгнэлтэд үндэслэн даатгалаас төлбөр өгөх эсэхийг шийднэ гэсэн. Одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа.

Миний машин 2004 онд үйлдвэрлэгдсэн. Би энэ оны нэгдүгээр сард банкны лизингээр худалдаж авсан. Өрөө ч төлж дуусаагүй байтал машин маань шатчихсан явдалд тун харамсч байна. Юунаас болсныг мэдэхгүй, машин маань шатчихлаа. Ямар алдаа гаргаснаа мэдэхгүй юм. Уг нь хүн гомдоохгүй хүмүүнд муу юм хийхгүй гэж явдаг юмсан." хэмээн дурдсан байна. 



Т.Очир
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна