Өнөөдөр Молор доктортой хөөрөлдлөө

2017/05/12
-Молор гуай, Чингис хааны үед төр байсан уу?

-Үгүй.

-Хууль байсан уу?

-Үгүй.

-Гэр байсан уу?

-Чи яагаад дандаа тэр үед байхгүй байсан юм асуугаад байна аа? Чингис хаан их сургууль төгсөөгүй юм чинь тэр үед ер нь юу байх вэ дээ. Юм байсан гэдэг түүхийн их завхралыг засаж байж бид хөгжнө. Гэрт өвлийг давна гэж байхгүй. Дээр үед монголчууд өвөл болохоор дулаан орон руу нүүгээд явчихдаг байсан.

-Монгол хүний тухай таны бодол?

-Монгол гэдэг нь зэрлэг бүдүүлэг, дээрэмчин амьдрах хэвшлийг хэлдэг. Монголоороо байгаач гэж буй хүмүүсээс хол явах хэрэгтэй.

-Б.Ринчен, Ц.Дамдинсүрэнг юу гэж үздэг вэ?

-Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар бол зүгээр л эгшиг гийгүүлэгчээр хөөцөлдсөн хүмүүс байсан. Монгол хэлийг эд нар сурч чадаагүй, өнөөдөр бол тэд хоцрогдсон. Монгол хэлийг өөрчлөх хэрэгтэй. Гэвч эд нар саад болоод байна.

-Р. Чойномыг?

-Ямар ч ач холбогдолгүй, хулчгар хүн. Ямар ч утгагүй шүлэг нь тархины тураалд оруулна. Шүлэг нь хүчингүй. Болор Цомынхонтой адил оюуны төвшин доогуур.

-Монгол орныг юу аврах вэ?

-Сексийн 3-р хувьсгал.

-Аав ээжийн тухай таны бодол?

-Яагаад аав ээж гэсэн хүмүүсийг хүндлэх ёстой юм. Охид хөвүүд өөрсдийгөө аав ээжээсээ чөлөөл. Тэд ямагт та нарыг дарж дарамталж байдаг.

-Шинжлэх ухаан гэж юу вэ?

-Юу ч биш. Харин сайенс гэж байдаг. Ер нь аливаа гадаад үгийг орчуулж болохгүй, шууд авч хэрэглэх шаардлагатай. Орчуулсан нь бүгд буруу байгаа.

-Та өөрийгөө юу гэж боддог вэ?

-Эрдэмтэй бол эрдэмтэй, зүс царай сайхан бол сайхан. Эхнэр миний "Плейбой" сэтгүүлд авахуулсан зургийг үзээд би ямар гоё нөхөртэй юм бэ гэж баярласан.

-Лам нарыг хэлмэгдүүлсэн явдлыг?

-Лам нар хэлмэгдээгүй, харин тэд хэлмэгдүүлэлт үйлдсэн шүү дээ. Ингэхэд чи Далай ламын хөргийг гэрээсээ гаргаж хаясан уу?

-Үгүй.

-Тэгвэл чамтай яриад байх юм алга. Бээжинд лекци уншихаар уригдсан, онгоцны буудал руу яараад байна. Хятад хүмүүс ачтанууд шүү. Өнөөдрийн Улаанбаатарын барилгуудыг л хар. Хэдийг нь оросууд, хэдийг нь хятадууд барьсан байна? Хятадууд өнөөдөр ч Улаанбаатарын шилэн барилгуудыг барьсаар л байна... ( Нийтлэгдсэн, олны өмнө хэлсэн үгсийг нь эшилж нийлүүлэн бүтээсэн feuilleton гэх юм уу, эчнээ ярилцлага гэх юм уу. Дандаа үнэхээр хэлсэн үгс нь мөн юм шүү )

Ч.Мөнхбаяр
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна