Нарнаас өөрийгөө хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

2017/05/14
Зуны улиралд нарнаас арьсаа хамгаалах зайлшгүй шаардлагатай. Учир нь нарны гэрэл арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Эдгээрийг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг. Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихсэж, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг туяа. UVA туяа нь шилний цаанаас нэвтлэж, хор учруулах чадвартай. Эдгээр туяаны нөлөө тэр доор нь гардаггүй бөгөөд арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх гол шалтгаан энэхүү туяанаас болдог юм.

UVB (богино туяа) нь зуны улиралд ялангуяа өдөр идэвхтэй байдаг. Эдгээр туяанд түлэгдсэн арьсны шинж тэмдэг хоёр өдрийн дараа илэрдэг бөгөөд удаан хугацааны турш арилахгүй. UVB арьсыг харлуулж, улайлгаж хорсгоно. Арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар­гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг байна. Түүнчлэн арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Гэхдээ нарнаас хамгаалах тос хэрэглэснээр таны нүүрний арьс яг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Энэ нь зөвхөн нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална.

SPF гэж юу вэ?

Нарнаас хамгаалах тосон дээр SPF15, SPF20, SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм.

Ихэнх нарны тос нь UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Энэ төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг юм.

Харин UVA төрлийн хортой туяанаас хамгаалдаггүй байна. Иймээс нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй аж.

Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 20 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй.

SPF нарнаас хэдий хугацаагаар хамгаалах вэ?

SPF15- нарнаас 3-4 цаг хамгаална

SPF25- 4-6 цаг хамгаална.

SPF30- наранд 6-8 цаг байхад айлтгүй.

SPF50-нарнаас 9-11 цаг хамгаална.

Түүнчлэн,

SPF15 нь UVB туяанаас 93 хувь

SPF20 болон SPF30 нарны хорт туяанаас 97 хувь

SPF50 нь 99 хувь хамгаална.

Одоогийн байдлаар нарны хэт ягаан туяанаас 100 хувь хамгаалдаг тос байхгүй.

Танд 93, 97 болон 99 хувийн хооронд онцын ялгаагүй мэт санагдаж байвч таны арьс нарны гэрэлд хэт мэдрэмтгий бол нарны тосны өндөр хувьтайг нь авах зүйтэй. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй.

Зарим тосны заавар дээр РА гэж бичсэн байдаг. SPF, PA гэсэн хоёр тэмдэглэгээ аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг. РА+ тэмдэгтэй байвал дөрөв, РА++ байвал найман цаг хамгаалах үйлчилгээтэй байна.

Ямар тос сонгох хэрэгтэй вэ?

Өөрийн арьсны төрөлд тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг санал болгож байна.

Хэрэв та мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг санаарай.

Түүнчлэн та нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ эхлээд тооцоолох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэрэв та цэвэр агаарт их хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх шаардлагатай. "Water resistant" and "very water resistant" гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 болон 90 минут гэсэн хоёр янз байдаг.

Харин оффисийн ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, өдөрт нүүрээ хэд хэдэн удаа угаах шаардлагагүй хүмүүсийн хувьд SPF15 буюу түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Иймэрхүү ихэнх тосны найрлагад avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг нэгдэлүүд орсон байж болно.

Түүнчлэн зарим тосны найрлагад глицерин, зуун наст орсон байдаг нь таны арьсыг илүү толигор болгоход тустай аж.

Нарны тосныг хэрхэн хэрэглэх вэ?

Гэрээсээ гарахаасаа 30 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээрээ нарны тосоо түрхэх хэрэгтэй.
Наранд байх хугацаандаа 2 цаг тутамд тосоо давтан түрхэх шаардлагатай.

Усанд сэлэх, их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд нарны тосоо 40 минут тутамд давтан түрхэх. Хэрэв таны тос усны хамгаалалттай бол 90 минут тутамд.

Нарны хэт ягаан туяа нь цонх, шил, үүлийг хүртэл нэвтэлдэг учраас, гэртэй ч, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо хэрэглээрэй.
Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг нэгээс илүү улирал хадгалж болохгүй гэдгийг санаарай. Иймээс энэ зун авсан тосоо зундаа хэрэглэж дуусгахыг зөвлөж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна