​Толилуулга (пресентейшн) хийх Стив Жобсын техникүүд

2017/05/14
1. Сэдвээ зарлах (Set the theme of presentation)
Толилуулгынхаа ерөнхий санааг хүмүүст ойлгомжтой, өөрсдөд нь хамааруулсан гарчиг-headline болгон харуулна. Стив Жобс сэдвээ “Бид өнөөдөр гар утсыг шинээр зохион бүтээх болно”, “Айпл компани Леопардаа суллаж байна” гэх мэтээр хэлдэг. Үүнтэй адилаар борлуулалтын ажилтнуудад толилуулга хийж байгаа тохиолдолд “Өнөөдөр бүгдээрээ хамтдаа таны борлуулалтын нормыг биелүүлэх болно” гэх мэтээр тэдэнд хамаатуулан хэлэх хэрэгтэй.

2. Outline буюу тойм харуулах (Provide outline)

Стив Жобс тухайн толилуулгаар ярих зүйлсээ жагсаан харуулдаг. Ингэхдээ тойм буюу Агуулгаас эхний гол санаа руу, нэг гол санаанаас нөгөө рүү хийх шилжилт буюу холбоосуудыг маш тодорхой хийдэг. Санаа бүрийг урьдчилан харуулж, эргэн дүгнэж хаадаг. Ингэснээр сонсогчид Стив Жобсын ярьж буй түүхийг даган ойлгоход хялбар байдаг байна.

3. Гал цогтой, хичээл зүтгэлтэй байх (Be enthusiastic)

Энэ нь толилуулгын явцад хэтрүүлэлтэй болон онцгой үг олноор ашиглана гэсэн үг юм. Жишээлбэл ер бусын (extraordinary), гайхамшигтай (amazing), саак (cool), итгэмээргүй (unbelievable), супер (incredible), биширмээр (awesome) гэх мэт. Ийнхүү гал цогтой, үнэн сэтгэлээсээ байхын тулд толилуулагч өөрийн байгууллагынхаа бүтээгдэхүүний давуу тал, үр ашгийг сайн мэддэг, үнэнч хэрэглэгч байж, биширдэг байх ёстой. Толилуулгын туршид сонсогчдыг сэргээж, гайхашруулж, бишрүүлэх ёстой. Үүний тулд баяр хөөртэй, цоглог, идэвхитэй байх ёстой.

4. Бүтээгдэхүүнийг биш, мэдрэмж, туршлагыг зарах буюу ятгах (Sell experience, but not product)

Стив Жобс техник, тоног төхөөрөмж биш, тэдгээрийг хэрэглэснээр бий болох мэдрэмж, туршлагыг толилуулдаг. Үүний тулд янз бүрийн тоо, статистикийг хүмүүст ойлгомжтой, хамааруулах маягаар тайлбарлах ёстой байдаг. Жишээлбэл Стив Жобс “Өнөөдрийг хүртэл бид 4 сая iPhone зарлаа. Үүнийг 2 жилд хуваавал өдөрт 20.000-ыг зарсан гэсэн үг” гэх мэтээр тайлбарладаг. Толилуулагч хүмүүст ойлгомжтой байлгахын тулд тоонуудыг ямар нэг бодит зүйлтэй харьцуулах, адилтгал, төсөө-analogies ашиглах ёстой байдаг.

5. Үзүүлэх харуулах зүйл ихтэй байлгах (Make it visual)

Ихэнх хүмүүс слайд үзүүлэхдээ маш их текст, зураг, график үзүүлдэг бол Жобс цөөн хэдэн энгийн зураг, цөөн хэдэн үг харуулдаг. Мөн тэрээр видео клип үзүүлэх, бүтээгдэхүүний үзүүлэн харуулах, үзэгчдийг оролцуулах зэрэг аргуудыг ч хэрэглэдэг. Ихэнх тохиолдолд тэрээр өөрөө гардан хийх маягаар үзүүлдэг. Жишээлбэл Macbook Air нөүтбүүкийг танилцуулахдаа тэрээр нимгэн гэдгийг нь харуулахын тулд албан бичгийн дугтуй дотроос гаргаж ирж байсан. Мөн i Phone 2G утсаар газрын зураг ашиглан хамгийн ойр буй Starbucks цайны газраас идэх юм захиалж үзүүлсэн.

6. Шоу үзүүл (Give them a show)

Толилуулгын оргил цэг буюу хамгийн гол санаа, бүтээгдэхүүнээ танилцуулах үе гэж байх ёстой. Өмнө нь ярьсан бүх зүйл түүнд чиглэж, түүнийг гаргаж ирэхээр боловсрогдсон, энэхүү нэг зүйлээр зангидагдсан байх ёстой.

7. Давт, давт, давт (Reharse, reharse, reharse)

Стив Жобс толилуулгадаа ийм олон зүйл ашигладаг болохоор маш их давтдаг. Түүний толилуулгыг бэлдэхэд бүхэл бүтэн дизайнеруудын баг ажилладаг. Ийнхүү сайн бэлддэг учир толилуулгынхаа үеэр тэрээр биеэ барилгүй, өөртөө итгэлтэй ярьж чаддаг.

8. Үзэгчдээ гэрт нь ямар нэг юм өгч буцаах

Стив Жобс толилуулга бүрийнхээ эцэст “Хамгийн сүүлд хэлэх нэг зүйл бол...” гээд удахгүй гарах шинэ бүтээгдэхүүнээ урьдчилсан магяаар танилцуулах, эсвэл хамтлаг авчирч тоглуулах зэрэг зүйл хийдэг. Энэ бол сонсогчдод бонус өгч, өртэй сэтгэл үүсгэж буй хэлбэр юм. Эхлэл, оргил хэсэг, төгсгөл хэсэгт хүчтэй байх.
 


эх сурвалж: MLC Training.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна