Тойм: Өнгөрөгч долоо хоногт болсон онцлох долоон үйл явдал

2017/05/14
1. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг нь хүлээн авлаа



-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлэн баримт бичгүүдээ хүлээлгэн өглөө.  Гурван нэр дэвшигчээс хамгийн түрүүнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд бүртгүүлэв. Түүний дараа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга, нэр дэвшигч Н.Энхбаяр Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өгсөн. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 12:00 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өгчээ.  Энэ үеэр МАХН-ын дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр “Сонгууль маань шударга болоосой. Шударга болох нь бүртгэлийнхээ ажлыг шударга явуулах, өрсөлдөгчдөө өөрсдөө сонгодог биш, ард түмэн сонгодог байдлаар зохион байгуулахаас эхэлнэ. Би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тэр үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан.

Одоо тэр үед хийсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг эхлүүлнэ гэж бодож байна. СЕХ хэн нэгэн улс төрийн нам, зүтгэлтэн, байгууллагын шахалтад оролгүйгээр өөрсдөө шударга сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж, саад бэрхшээлгүй бүртгэж, ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” гэв.

 2. Зөрчлийн тухай хуулийг батлав



-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Зөрчлийн хуулийн төсөлтэй холбогдуулан банкны торгуулийн тухайд 70 хүртэл нэгжээр торгохоор зарчмын зөрүүтэй санал оруулжээ. Үүнтэй холбогдуулан гишүүн Б.Жавхлан торгуулийн арга хэмжээг эсэргүүцсэн бол гишүүн Н.Цэрэнбат “70 нэгж гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хүүхдийн сүү, тэжээл болоод банкны хуулийн торгууль ижил түвшинд байна шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй гэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар анх оруулж ирсэн санал нь хэдэн саяар хэмжигдэх нэгжийн торгууль байсан гэдгийг онцоллоо. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууслаа. Дараагаар нь Зөрчлийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 76,3 хувийн саналаа Зөрчлийн тухай хуулийг баталлаа. Зөрчлийн тухай хууль долдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө.

3. ОУВС-тай холбоотойгоор эдийн засгийн форумыг хойшлуулав
 

-Засгийн газраас жил бүрийн хавар эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулдаг. Уламжлалт энэхүү чуулган өнгөрсөн гуравдугаар сарын 30, 31-ний өдөр болох байсан ч хойшлуулж, тавдугаар сарын 18, 19-нд зохион байгуулахаар болж, бэлтгэл хангаад явж байсан ч дахин хойшлуулсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат /05.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Монголын эдийн засгийн форум-2017” чуулганыг ирэх зургадугаар сарын сүүл долдугаар сарын эхээр зохион байгуулахаар болж, дахин тов тогтоосон аж. Шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж, 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалттай холбоотойгоор тус тогтоолд дахин өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Энэ асуудлыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэсэн.

 4. Ерөнхий сайдын БНХАУ дахь айлчлал



-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д албан айлчлал хийж байна. Энэ хүрээнд талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд чухал байгааг тэмдэглэв.

Тавантолгойн ордод түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шингэн болон нийлэг хий гаргах иж бүрэн төсөлд хамтарч ажиллах, хилийн зарим боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж олон улсын статустай болгох, Хятад-Европыг холбосон нислэгт Монгол Улсын агаарын орон зайг ашиглах, агаарын хаалга шинээр нээх, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах чиглэлээр Ерөнхий сайд нар санал солилцлоо. Түүнчлэн Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих төслийг даруй эхлүүлэх, “Хэрлэн говь” төслийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх, Замын-Үүд-Эрээн боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

5. Бүх нийтээр мод тарилаа



-Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, хороод, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэд өргөнөөр оролцов. Энэхүү үйл ажиллагааг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10,1 сая мод тарьжээ.

Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Ногоон хэрэм төслөөс “Тарьц суулгац-2017” үзэсгэлэн, дүүрэг бүрийн төлөөлөл 400 гаруй иргэдийг хамарсан сургалт зохион байгуулж, мод тарих арга зүйг үзүүлсэн видео хичээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үзүүлсэн юм.

6. Монголчууд Ялалтын баярыг даруухан тэмдэглэв



Аугаа их эх орны “Ялалтын баяр”-ын өдөр өнгөрсөн долоо хоногт  тохиолоо. Энэ өдрийг Монголчууд уламжлалын дагуу даруухан тэмдэглэн өнгөрүүлэв.  Одоогоос 72 жилийн тэртээх 1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Герман Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ өдрийг албан ёсоор Зөвлөлтийн ард түмний ялалтын баяр болгон тэмдэглэх болсон юм.

Энэ өдөр бол ганц зөвлөлт ч гэлтгүй Дэлхийн II дайнд зовж, зүдэрсэн бүхий л ард түмний ялалтын баяр билээ. Түүхэн тэмдэглэлт энэ өдрийг манай хөрш Орос орон даяар төдийгүй дэлхий дахин сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Баярын эхлэл Улаан талбайд ёслолын сүрт жагсаал болдгоос эхэлдэг. Энэ баяр бол бүх Оросын ялалт, амжилтын яруу дуун. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар баярыг тус улсын арав гаруй томоохон хотод нэгэн зэрэг эхлэн тэмдэглэдэг юм. Тиймдээ ч сүр жавхлан, оролцогчдын тоо, хэмжээгээр маш өргөн хүрээнд болох юм. Тухайлбал, Улаан талбайд болсон ёслолын сүрт жагсаалын "хайрцагт" 10 мянга гаруй цэцэг оролцож  Улаан талбайгаар 150 орчим цэргийн машин дамжин өнгөрч, тэнгэрт 120 гаруй онгоц, нисдэг тэрэг эргэлдэж, ОХУ цэргийн сүр хүчээ гайхуулав.

 7. С.Батцэцэг Азийн аварга болов



2017 оны аварга шалгаруулах чөлөөт бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д С.Батцэцэг алтан медаль хүртлээ. Тэрээр шигшээ барилдаанд залуучуудын дэлхийн аварга Аяна Жемпейг 7:2 ялж яваад цаг дуусахаас өмнө цэвэр дарлаа.

С.Батцэцэг 2010 онд Шинэ Делид болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү долоон жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж тивдээ анх удаа түрүүллээ. Тэрээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна