С.Бямбацогт сайд, Мөрөн дарга аа, хүүхдүүдэд минь амьдралын виз олгооч!

2017/05/15
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн танаа:

Сайн байна уу ? Намайг Азхүүгийн Сэнгэгарав гэдэг. Өвөө маань Богдын цэрэгт явж, Ар Халхаас буцаж ирээгүй, түүний нэрийг надад өвлүүлсэн учиртай. Би дал гарсан өвөр монгол өвгөн. Өөрийн хүүхэд ач зээ, хамаатан төрлийн хүүхэд шуухад маань дээр зууны ерээд оноос Монголд очиж сурч, бизнес хийж, зарим нь Монгол улсын иргэдтэй айл гэр болж амьдраад хорин хэдэн жил болж байна.

Би багаасаа кирилл үсэг сурсан болохоор, кирил үсгээрхи ном зохиол, мэдээ мэдээлэл сайн уншдаг. Ойрын хоёр жилээс VPN ашиглаж, видео мэдээ үзэж чаддаг болсон. Монголынхоо хөгжил дэвшлийн тухай уншиж, сонсч, үзэж бахархах сэтгэл байнга төрдөг сэн.

Монголд ажиллаж, суралцаж, амьдардаг хүүхдүүд минь харьж ирэхээрээ над дээр ирж, бидний хооронд Монгол улсын тухай өргөн их яриа болдог доо. Тэд маань монголчууд, Монгол улсын тухай зөв ойлголттой бөгөөд, ойр дотны хүмүүстээ мөн Монгол улсыг зөв ойлгуулахыг хичээдэг. Монгол улсыг зөвөөр ойлгодог өвөр монголчууд олшрох тусмаа Монгол улсын тусгаар тогтнол тэр хэрээр баталгаажна гэж тэд маань боддог нь надад их таалагдсан. Гэхдээ тэдэнд болгоомжлол, бас зовлон бий. Тэдний ярьсан хэлснийг тэмдэглэж, өмнөөс нь та нарт захидал бичих үүрэг надад зүй ёсоор ийн оногдож байна. Та нар үүнийг зөв ойлгоорой.

Тэдний нэг зовлон виз юм байна. Монголд хорин жил амьдарсан хэрнээ хөрөнгө оруулалтын карт барьж, оршин суух виз хөөцөлддөг хүмүүс зөндөөн байна гэсэн. Дөч гарсан, тавь хүрсэн хүмүүст сурах виз, гэр бүлийн виз мэдээж хэрэггүй, хөдөлмөрийн виз авах гэхээр заавал хятад компанид ажилд орох шаардлагатай болно. Монголд байгаа хятад эзэнтэй компаниуд өвөр монголчуудыг аль болох ажилд авахгүй байх аман даалгавартай гэсэн. Маш цөөн тооны өвөр монголчууд Монголд хөрөнгө оруулсан хятад компанид ажилд ордог. Энэ нь цаад утгаараа Монголд яг хичнээн тооны өвөр монгол байх ёстойг хятад компаниуд шийдэж байна гэсэн үг.

Тэгвэл монгол хэл бичигтэй, монголд өөрийн өмч хөрөнгөтэй эсвэл Монголд үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхолтой өвөр монголчуудад зориулсан амьдралын виз олгооч гэж сайд дарга хоёроос хүсэж байна. Ийм виз олгохийн давуу талууд гэвэл:

Нэг. Хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэнэ. Жилд 100 өвөр монгол орж ирээд 100 байр авлаа гэж бодоход, тодорхой хэмжээний мөнгөн урсгал бий болно.

Хоёр. Аялал жуулчлал хөгжнө. Монголд ирэх өвөр монгол жуулчид компаниар биш танил талаараа дамжуулж, монгол жолооч аваад хөдөө гадаа явчихдаг.

Гурав. Монголын үндэсний үйлдвэрлэлийн экспорт нэмэгднэ. Монголын ”Гоёо”, AGNI, Best Shoes, Golden Milk, ”Сэнгүр”, ”Алтан тариа” , Jet School of English гэх мэт брэндүүд нь Монголыг сайн мэддэг өвөр монголчуудаар дамжин Өвөр Монголд нэвтэрсэн байдаг. Сэтгэл зүйч, зохиолч, оёдолчин, үсчин, уяач хүмүүс Өвөр Монголд сургалт зохион байгуулах болсон нь Монголд байдаг өвөр монголчуудтай холбоотой.

Дөрөв. Монголд урт хугацаагаар амьдрах сонирхолтой гадны иргэдэд бизнес ангиллын олон удаагийн гарах орох виз гэж жилээр, хагас жилээр, гурван сараар олгодог хэдий ч сар бүр заавал хилээр гарч байх шаардлагатай болохоор амьдралд нь маш их үргүй зардал гардаг гэцгээж байна. Суудал нь толгойгоо захирдаг гэсэн үг бий. Оршин суухаа яршиг төвөггүй шийдүүлсэн өвөр монголчууд Монгол Улсын маань нүд чих юм шүү.

Тав. Монголд байгаа өвөр монголчуудын нөхцөл байдлыг сайжруулах, хамгийн гол нь өвөр монголчуудад туслах нь Хятадтай сөргөлдөж буй хэрэг гэсэн нийгмийн буруу ойлголтыг өөрчлөхөд зөв дохио болно гэдэгт найдаж байна.

Монгол Улсын хууль журмаас дээгүүр юм ярих эрх надад байхгүй. Ахмадын үгийг сонсдог уламжлал Монголд байдгийг санаж, энэхүү захидлыг бичлээ. Гэгээн ухаандаа тольдмуу.

Хүндэтгэсэн Азхүүгийн Сэнгэгарав 

2017.05.15


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна