Зохиолч П.Батхуяг: "Үмхий мегадор" өгүүллэг

2017/05/17
Мегадор чинь бурхан байх, аа. Үгүй, ээ зүгээр л нэг торгоны худалдаачин. Эсвэл... Энэ тухай удтал боджээ. Үүр цайхад л тэр унтах ёстойгоо саналаа. Мегадор тамын орноос өндийж ирээд түүнийг залгичих шиг мэдрэмж дотор нь үүрлэсээр байлаа. Арван зургаан гартай, хорь ч байж магадгүй. Үнэндээ тэр тоолж амжсангүй. Сэрэхээс гэсэн бодолтой хамт ханын цаасыг удаан ширтлээ. Аав нь Мегадортой хамт энэ цааснуудыг цавуугаар наасан юм. Эрээн мяраан, лангуу дүүрэн алаглах торго шиг л харагдана. Ер нь Мегадор торгоны худалдаачин байсан нь лавтай. 

-Чиний тэр бурхан чинь хэдэн настай вэ? Минийх л бараг 3000 жилийн настай. Багадаа би ээрүү байсан юм. Зарим бурхад багадаа тийм байдаг биз дээ? Сул дорой, хүний нүд рүү эгцэлж харж ч чаддаггүй. Загасны тос л намайг аварсан гэдэг. Түүний ийм чалчаа ярианд дэндүү дасчээ. Хөөрхий минь ярьж л байг. Бурхад шиг бураг. Аалзны орон гэж байдаг гэсэн. Тэнд Мегадор суудаг. Чи шарсан талх, зайдастай идэх үү? Өглөө бүхэн ийм заваан асуултаар эхэлдэг ч амиа хорлох тухай бодохгүй байгаадаа гайхсаар өндийлөө. Орны толгой дээр цагаан даавуу хаясан байна. Нүдээ аниад дарвуулт завины далбаа гэж төсөөлөхийг хичээлээ. 

Чи надтай хамт хаа ч хүрсэн чадах уу? Тэгээд Мегадортой уулзаж, түүнээс адис авах юм шүү. Заавал наминчлах хэрэггүй л дээ. Залбирах ч шаардлагагүй. Тэр энэ бүхнийг таашаадаггүй юм. Хотоос гараад 20-иод км газар давхижээ. Хуучин Орос цэргийн анги байшин тоосгон байшингууд одоо томоохон эдлэн газар, ихэнх нь гахайны аж ахуй болжээ. Тэндээс учир нь олдохгүй дуу чимээ гарна. Хүнээс л тийм хачин адгийн авиа гарахгүй дээ. Гахайг ийм л болохоор нь гахай гэсэн байж таарна.
 
-Чи хар даа? Холоос ямар үзэсгэлэнтэй үзэгдэнэ вэ? Гахайн суурин. Энд хүн амьдардаг л байж таарна. Ямар хүмүүс амьдардаг бол. Юу ч сонсохыг хүссэнгүй. Үмхий муу Мегадор нь тэгээд хаана нуугддаг новш вэ? Залхаж байна. Гэрэл дохиогоор баруун гар тийш эргэлээ. Гудамжнууд, зориуд эгнүүлж тарьсан модод, албаар өнгө оруулах гэж будсан хананууд. Машинаа зогсоолоо. Тэр гайхан хараад өнөөх үхэж байсан Мегадорынхоо тухай балай яриагаа эхлэв. Чи бидний ажил төрөл Мегадорын хүчээр л бүтэж, ийм сайхан машинтай болсон юм. Хэн хүссэнд нь олдохгүй эд. Тэгээд ч миний Мегадор эдийн тэнгэрийг эрхшээдэг юм. 

Түүнээс хэзээ ч тийм уран сайхан үг гарч байгаагүй. Эрхшээдэг. Хэн зааж өгсөн юм бол. Өнөө зэс хоншоортой гуталтай залуугаас өөр хэн байх билээ. Тэр л дэргэд нь сүүдэр шиг эргэлдээд байдаг юм. Анх яалаа. Би тэнэг л дээ. Философийн ангийн оюутан гэхээр нь л дурлачихсан юм. Даанч эмэгтэй философич гэж ертөнцөд байдаггүйг мэддэггүй байжээ. Харин эмэгтэй итгэгчид бол дэндүү олон. Нүдний өмнүүр тор сүлжилдэхийг харж амжив. Аалзны тор. Торгыг тийм юмаар хийдэг гэсэн биз. Өнөө муу үмхий Мегадор нь явж явж торгоны худалдаачин. Хүмүүст аалзны шүлс наймаалагч байхаас гарцаагүй. Биднийг битүү бүрхэн авлаа. Амьсгал давчдаж, дотор муухайрав. “Бүтэж үхэх нь” гэхэд минь тэр баясгалантайгаар “welcome to Megadorstan” гэж хачин чангаар хашгирлаа. Энд тэндгүй аалзнууд шүлсээ гоожуулан явна. Хаалган дээр зэс хоншоортой гуталт инээмсэглэн зогсож байлаа. Өглөөний цайндаа өтгөрүүлсэн алзны шүлс уух уу? гэж асуухад нь нүүр рүү нь хамаг дотор эрхтнүүдээрээ бөөлжиж орхимоор болов. 

Тэр найрсагаар толгой дохиж “хэдэн цагаас Мегадортой уулзах вэ?” хэмээн догдлон асуув. Зэс хоншоорт гуталт гахай шиг шуухитнаад 10 гэж хариуллаа. Би ч тэсэхгүйгээ мэдэж байлаа. Эргээд алхчихмаар байсан ч зүг чигэээ бүрэн алджээ. Яах гэж анх түүнийг философи судалдаг гэхэд нь итгэв. Харин би уран зохиол судалдаг байлаа. Философиос мэдээж илүү сайхан зүйл л дээ. Гэтэл одоо зүгээр л нэг торгоны худалдаачин. Түүний өмсөж байгаа энэ торгон даашинзыг би хийлгүүлж өгсөн юм. Дээд зэргийн торго шүү дээ. Харин энэ машин бол ердөө муу гялгар төмөр. Тэр надаас үнэтэй гэж боддог. 

Чиний тэр Достоевский, Фруст хэн хэн чинь миний Мегадорт итгэдэг байсан бол жинхэнэ гайхамшгийг бүтээх байсан юм. Даанч харанхуй мунхагийн хаалгаар орогсод хөөрхий. Тэднийг хувь заяа нь ивээх болтугай. SARIUS. 

Энэ үг өршөө гэсэн утгатай. Түүний хэлснээр. Ёстой нохой тонгорцог хуц. Би хэзээ ч ийм хөгийн үг сонсоогүй. Сариус бол Мегадорын хамтран зүтгэгч. Баруун гар нь гэнэлээ. Үхсэн гахайн толгой. Ямар юмных нь баруун гар байхав. Бодвол тэд муусайн цэнхэрүүд. Хоорондоо заваардаг юмнууд. Эр юм эр юмаа юу яана гэж бодохоор дандаа дургүй хүрдэг юм. Эм юм ч бас эм юмаа юу яадаг. Яаж болдог байна, аа. 

Нууц л даа. Намайг бас нэг эр юм оролддог байсан юм. Тоо ярьсан нэг муу эдийн засагч. Гар хөл бариад, нүд нь сүүмийгээд байдаг байлаа. Тэр нэг зуны орой цөмөөрөө тасарсан. Их ч ууж билээ. Одоо тэгж уувал хэд хоног өндийж лав чадахгүй дээ. Нойрон дунд тэр муугийн чөрчгөр гар илж таалаад байхыг мэдэв. Эвгүй хүйтэн гар. Эвгүй газруудад хүрнэ. Би ч шууд л түүнийг сандлаар нүдэж орхисон. 

-“Хар даа. Хар даа Мегадор айсуй” гэх дуунаар бодол тасалдлаа. Царай нь аалз шиг мөртлөө гахай шиг дуутай юм ирж явна. Зэс хоншоорт гуталт дэргэд нь бараа болжээ. Муу гомо Сариус нь бас дагалджээ. Машины цонхоор шүлсээ хаях сайхан байлаа. “Замбараатай байгаач Мегадор ирж явна” гэв. Би “хэзээ ч гахайнаас айж байгаагүй” хэмээн сөргөхийг хүссэн ч үнэндээ цөхөрч дууссанаа мэдэрнэ. Анхны философичид Мегадорыг бурхан гэж үздэг байсан юм. Хүн чинь ердөө л амьтдаас эхлэлтэй. Танай “Нууц товчоо”-нд чоно, гөрөөс хоёроос та нарыг үүссэн гэдэг гэсэн биз дээ. Даанч чи чонотой адилхан байдаг юм гэхэд нь сөргүүлээд “чи аалзтай адилхан” гэж хэлэх гэснээ төвөгшөөлөө. 

Зэс хоншоорт гуталт түүний гараас нэг дотно атгахыг харав. Заваарсан нууц амрагууд. Пушкины үед бол хоёуланг нь нам буудах байсан юм. Тэр шууд Мегадорынхоо өмнө очоод мөргөж эхлэв. Муу аалзан царайт, гахай дуугаар инээж байна. Гахай инээхийг сонсох ямар сайхан байх билээ. Орос цэргүүд нутаг буцахдаа алж идэж амжилгүй хэдэн тоорой үлдээж билээ. Удалгүй хайхрах эзэнгүй тэд үржиж, хашаагаар нэг гүйлдэх болов. Гэтэл хотоос нэг эр ирээд бүгдийнх нь эзэн болсон юм. Тэднийх ганц хүүтэй. Тэр нь өнөө муу эдийн засагч. Муу ижил хүйстэн. 

Өө, энэ Мегадор чинь тэр байна шүү дээ? Ямар юмных нь бурхан. Муу гахай царайт. Буудчих юмсан. Хичнээн өргөл барьц энэ муу новшид өглөө. Мегадорын авсыг хүртэл би бэлдэж өгчээ. Ядаж торгоны худалдаачин ч биш над шиг. Муу бэлгийн гаж донтон. Түүнийг философи судалдаг гэхэд надад сод ухаантан гэж сонсогдож байлаа. Үнэндээ зүгээр шавьж судлаач байжээ. Аалз судлаач. 

-Би эндээс явлаа. Чи наад Мегадортойгоо үлд. Би наад мууг чинь багын таньдаг байсан юм. Муу гахай үржүүлэгчийн хүү л байна. Аалзан царай гаргачихаад чамайг жаргаах байлгүй. Машин ассангүй. Өвдөг дээр нэг жижигхэн аалз гүйж явна. Гараараа шударч орхилоо. Гаслан орилох дуу аалзны. Бишээ гахайны. Бишээ Мегадорын. Бишээ. Би мэдэхгүй. Зүүн гар тийшээ гүйв. Эхлээд цонхнууд дараа нь хаалганууд харагдана. Бүгд аалзны тороор хучигджээ. Амьд хүн алга. Үхсэн хүн ч үзэгдэхгүй. Хүн үхэхээрээ ямар царайтай болдог билээ. Зарим нь айсан төрхтэй, зарим нь амгалан байдалтай. Харин энэ муу үмхий Мегадор яаж үхэх бол. Бас бурхан гэж өөрийгөө өргөмжилжээ. 

Тэр уулга алдан Мегадорынхоо гар хөлөөс зууран авч үнсэнэ. Түй, очиж, очиж гахай үнсээд байх даа яахав дээ. Сариус нь чөрчгөр гараараа түүний хөхийг илнэ. Зэс хоншоорт гуталт бэлхүүсээр нь тэврээд араас нь гахай шиг юм уухилна. Аз жаргал дунд нь үлдээгээд замаа хөөлөө. Тэртээд цагаан далбаа, дарвуулт завь, далай. Аавынх нь Мегадортой хамт наасан ханын цаас. Хар хөлс асгарчээ. Унтахаар хэвтлээ.

2017-05-12. Зүүн салаа, Зүрх уул


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна