ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар жил бүр 8 сая хүн тамхины хэрэглээнээс болж нас барж байна. Үүний 7 сая орчим нь шууд тамхидалтаас, 1.3 сая нь дам тамхидалтын улмаас нас бардаг ажээ.
Монгол Улсын хувьд 2024 оны байдлаар тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны 7 дугаарт бичигдэх үзүүлэлт юм.
Ялангуяа, тамхи татаж эхэлсэн дундаж нас 2005 онд 20.1 байсан бол 2019 онд 18.9 болон залуужиж, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээ ихээр нэмэгдэж байгаа нь анхаарал татах асуудал болоод байна. Судалгаанаас үзэхэд, 2023 оны тамхидалтын тархалтыг 2019 онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн тамхидалт 4 дахин нэмэгдсэн, тамхи татах нас 3 насаар залуужсан байна. Мөн 3,000 гаруй оюутныг хамруулсан судалгаагаар 14 хувь нь утаат тамхи, 10,9 хувь нь электрон тамхи, 2 хувь нь аль алийг нь татдаг тоо баримтууд гарсан.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) электрон тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнүүд нь хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, суралцах чадвар, сэтгэлзүйн байдалд муугаар нөлөөлдөг болохыг анхааруулдаг. Дээрх байгууллагуудын мэдээлснээр, никотин нь тархины анхаарал төвлөрөл, суралцах чадвар, сэтгэл хөдлөлийг удирдах үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг бөгөөд өсвөр насны хүүхдийн тархи 25 нас хүртэл хөгжиж байдаг тул энэ хугацаанд никотин хэрэглэх нь урт хугацаандаа эрүүл мэндийн сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэйг онцолсон байна. Тухайлбал, өсвөр залуу насанд никотин хэрэглэж үзсэн байх нь хар тамхи хэрэглэх эрсдэлийг 2 дахин өсгөдөг болохыг АНУ-ын Биотехнологийн судалгааны хүрээлэнгээс тогтоожээ.
Монгол Улсад тамхидалт нас баралтын нэг том шалтгаан болж, дараах өвчлөлүүдийг үүсгэж байна.
Тамхи татах нь нийт хүн ам, нэн ялангуяа хөдөлмөрийн насны хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлснээс үүдэн гэр бүлийн эрүүл мэндийн зардал эрс нэмэгдэж, энэ нь эрүүл мэндийн тогтолцоонд асар их ачаалал үзүүлдэг бөгөөд тамхины шалтгаант өвчлөлтэй холбоотой эрүүл мэндийн зардал дээр хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, цаг бус эндэгдэлтэй холбоотой бүтээмжийн алдагдалыг нэмэгдүүлдэг байна. Манай улсын хувьд тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4300 хүн тамхины хэрэглээтэй холбоотой нас барж байна. Тамхины хэрэглээний эдийн засгийн зардлыг тооцохдоо тамхинаас үүдэлтэй өвчний эмчилгээнд шаардагдах эрүүл мэндийн өртөг, тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын улмаас алдагдаж буй хүний нөөцийг оруулж тооцдог бөгөөд тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний 2.1 хувийг эзэлж байна.
Цаашлаад тамхины хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, улмаар үндэсний хэмжээнд ядуурал нэмэгдэх, ядуурлын нөлөөлөл нь тамхичдын гэр бүлд ч гэсэн мэдрэгддэг бөгөөд энэ нь зөвхөн тамхи татдаг хувь хүнд хамааралтай асуудал биш тул тамхины хяналтад хөрөнгө оруулах нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, халдварт бус өвчлөлийн тархалттай тэмцэхэд асар чухал болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс нутгийн тамхины хяналтын төлөвлөгөө 2020-2030 онд тодорхой дурджээ.
Хэрэв одоо Тамхины хяналтын тухай хуулиа шинэчилж, хяналт, зохицуулалтыг сайжруулахгүй бол ирэх 15 жилд тамхидалтын улмаас 19,000 гаруй хүн жилдээ нас барах хэмжээнд хүрч, тамхинаас үүдэлтэй нас баралтын зардал 1.5 их наяд төгрөг давж, эдийн засагт 2.4 их наяд төгрөгийн ачаалал үүсэхээр байгаа тооцооллыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, ДЭМБ-ын 2023 оны “Монгол Улс дахь тамхины хөрөнгө оруулалтын үр өгөөж” тайланд дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна