Махан дэлэн ба Мако гүнж

2017/05/18
Японы одоогийн эзэн хааны ууган ач Мако гүнж их сургуулийнхаа нэг ангийн залуутай сүй тавих болсон тухай мэдээ өчигдөр оройноос эхлэн өндрөө авч, өнөөдөр гэхэд орон даяар энэ тухай л ярьж байна. Бүх л ТВ-ийн суваг, сонин сайтууд "хүргэн хүү" ямар зан араншинтай, ямар гэр бүлээс гаралтай, ямар цусны бүлэгтэй... юун залуу болох талаар бие биенээсээ өрсөн мэдээллэсээр байна.

Эзэн хааны гэр бүлтэй холбоотой мэдээ бэлдэх, текст бичихэд анхаарах нэг чухал зүйл байдаг нь хүндэтгэлийн үг хэллэг юм. (Монгол хэлэнд ч гэсэн идэх→зооглох, хэлэх→айлдах, гар→мутар гэсэн хүндэтгэлийн үг хэллэгүүд байдаг даа)

Ашиглаж байгаа нөхцөл байдал, нэг хоёр гуравдугаар биесийн харилцан хамаарал зэргээс шалтгаалаад хэд хэдэн түвшний хүндэтгэлийн үг хэллэгийг япончууд өдөр тутмын амьдрал, албан ажилдаа ялган ашигладгаас хамгийн өндөр хүндэтгэлтэйг нь эзэн хааны гэр бүлийнхэнд хандах, тэдний талаар ярьж бичихдээ хэрэглэдэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй, хааны гэр бүлийн талаар мэдээлэл бэлдэхдээ зохих хүндэтгэлийн үг хэллэгийг яг таг, алдаа мадаггүй ашиглах ёстой. Харин өдөр болгон хааныхантай холбоотой мэдээлэл гараад байдаггүй, харьцангуй цөөхөн учир эзэн дээдсийн талаар дагнан сурвалжлаад байдаггүй мань мэт бол жилдээ ганц удаа хааныхантай холбоотой текст бичвэл олондоо орно. Ашиглахгүй болохоор тэр хэллэг нь мартагдаад ирнэ ээ, явдалтай нь. Энэ удаагийн гүнжийн сүйн талаарх мэдээ шиг гэнэтийн үйл явдал бол бүр эвгүй, гялс л сэргээж авахгүй бол.

Харин тийм үед аминд ордог нь зураг дээрх ном. Энэ бол манай сүлжээний төв ТВ-ээс гаргасан эфирийн гарын авлага бөгөөд, хааны гэр бүлийнхний тухай мэдээнд гарч болох боломжит хэллэгүүдийг жишээтэй юутэй хээтэй нь багтаасан байдаг. Эргэлзэж байгаа хэллэгээ хараад л шалгаад л явчихна.

Тэрнээс гадна, хуулийн нэр томъёо, цаг агаартай холбоотой үг хэллэг, тоо хэмжээ заасан үгс... энэ тэрийг эфирт хэрхэн зөв ашиглах тухай товч тодорхой, жишээ ашиглаж тайлбарласан байдаг болохоор шинэ хуучин гэлтгүй бүх л сурвалжлагч, найруулагч нар байнга л гарын дор байлгаж байдаг юм.

-Үүр гэж яг хэдэн цагийн үеийг хэлэх

-15~20м/с-ийн хурдтай салхийг хүчтэй шуурга гэх үү, маш хүчтэй шуурга гэх үү гэдгийг энэ гарын авлаганаас л сэргээн харна.
Мөн, ялгаварлан гадуурхсан, доромжилсон утгатай үгсийг хэрхэн ашиглах, эс ашиглах талаар бичсэн байдаг нь ч их хэрэг болно оо. 

-"Сохор" гэдэг үгийн оронд "харааны бэрхшээлтэй" эсвэл "хараагүй" гэдэг үгийг 

-"Мэдрэл муутай"-гийн оронд "сэтгэцийн өвчтэй, өөрчлөлттэй" зэргийг эфирт хэрэглэнэ ч гэдэг юм уу. (Монголоор ойлгомжтойг нь сонгосон чинь хялбархан жишээ болчихлоо. Тэрнээс ярвигтай үгнүүд зөндөө л дөө)

Иймэрхүү хэвлэл мэдээллийн байгууллагууд бие дааж эсвэл нэгдэж гаргасан зөв бичиг, ёс зүйн гарын авлагууд олон байдаг. Өөрөөр хэлбэл, эд нэгдсэн стандарттай л ажиллаад байна л даа.

Харин манайд иймэрхүү стандарт гэдэг зүйл огт байдаггүй бололтой. Өчигдрийн "Өдрийн сонин"-ы Махан дэлэнтэй эхчүүд-ийг хараад золтой л ухаан алдаж унасангүй. Ийм үг хэллэгийг өдөр тутмын том хэвлэл хээв нэг ашиглаж болно гэж үү???

Манай хэвлэл мэдээллийнхэн нэгдсэн ойлголттой, стандарттай болох, хувь хүний алдааг редакци, байгууллага, салбарын зохион байгуулалтаараа хэрхэн бууруулах, үгүй хийх зэргээ нухацтай бодож, бодсоноо яаралтай хэрэгжүүлэхгүй бол ард иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл улам бүр буурсаар, эцсийн эцэст бидний зориод байгаа иргэний ардчилсан нийгэмд хэзээ ч хүрч чадахгүй болох нь!!!

Эх сурвалж: Khongorzul Oyunchimeg


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна