Хүүхэд хулгайлсан гэх хятад эмэгтэй сэтгэцийн өвчтэй нэгэн байжээ

2017/05/25
Өнөөдөр үдээс хойш Теди төвийн орчимд нэгэн хятад эмэгтэй бага насны хүүхэд хулгайлах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл хэргийн талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр хүүхдүүдийг дагуулж явсан эмэгтэй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг нэгэн юм байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Д.Оюунчимэг, “Өнөөдөр 15.40 минутад Хятад эмэгтэй бага насны гурван хүүхдийг дагуулан Теди төвд явж байна гэх мэдээллийн дагуу манай хэлтэс шалгаж байна. Бага насны гурван хүүхдийн ар гэр, тухайн хятад эмэгтэй, түүний ар гэрийнхнээс мэдээлэл авч, бичиг баримтыг шалгахад уг эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг болох нь тогтоогдсон.

Энэ эмэгтэй Монгол Улсад төрсөн. Оршин суух үнэмлэхтэй, харьяалалгүй. Одоогийн байдлаар хэргийг шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Хэргийг шалгах явцад охидыг дагуулж явсан эмэгтэйн дүү ирсэн бөгөөд эгчийгээ сэтгэцийн эмчийн хяналтад байдгийг хэлж, улмаар СЭМҮТ-ээс тодруулсан гэдгийг тэрбээр мэдээлсэн юм.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна