Баянгол дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцлаа

2017/05/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулсан албаныхны ажил гэр хорооллын төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хороонд баригдаж байгаа орон сууцны байрны барилга угсралтын явц, IV хороо, ОСНААГ-ын Баянгол дүүргийн ХҮТ-11, ХҮТ-ийн 98 дугаар ус, дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаатай танилцсанаар үргэлжилсэн юм.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 30 га талбайд 112 айлын орон сууц, 1500 хүүхдийн сургууль цэцэрлэг барих ажлын ерөнхий төлөвлөгөө батлагдаж, одоогийн байдлаар ажил хэвийн явагдаж байгаа аж. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд хамгийн гол нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талд анахаарах шаардлагатай байгааг “Грийн ресурс” компанийн захирал танилцууллаа. Энэ хэсгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэчихвэл уг компани барьж байгаа барилгаа ирэх наймдугаар сард ашиглалтад оруулж, нэмж 400 айлын орон сууцны ажлыг эхлүүлэх  бүрэн боломжтой болох аж.

Энэ талаар хотын дарга С.Батболд “Баянгол дүүргийн бүтээн байгуулалт нийслэлийн хувьд маш чухал. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 6 дугаар бичил хороололтой залгаа гэр хорооллын дэнжийн айлуудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Цэвэр бохир усны холболтыг яаж шийдэх вэ гэсэн асуудлыг өнөөдөр онцгойлон ярьж байна. Энэхүү хорооллын хувьд 3000 айлын дэд бүтцийг шийдэхэд 2.2 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа юм.

Хэсэгчилсэн байдлаар шийдвэл 700 орчим сая төгрөгийн асуудал байгаа юм. Гэхдээ хэсэгчилж шийдвэл дахин өргөтгөлийн ажил яригдах учраас үүнийг компанийн хувьд хоттой гэрээ хийгээд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж чадвал энэ зундаа багтаад 400-аад айлыг орон сууцанд нь оруулах боломжтой болно. Мөн энэ хэсэгт дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн “Грийн ресурс” компани нь нийт айлынхаа 80 гаруй хувьтай нь гэрээ байгуулсан байна.

Ерөнхийдөө хотын өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж ажиллаж байгаа дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа дахин төлөвлөлтийн компаниудыг нийслэлээс дэмжиж ажиллана” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна