Маргааш төв талбайд "Наадгайн баатрууд" хүүхэд багачуудтайгаа танилцана

2017/05/31
Манай улс 65 дах жилдээ хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газраас "Монгол хүүхдүүд" сэдэвтэйгээр баярын үйл ажиллагааг маргааш /2017.06.01/ 11:00-16:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд хийхээр бэлтгэл зохион байгуулалтыг ханган ажиллаж байгаа юм. 

Маргаашийн арга хэмжээнд 2000 гаруй хүүхэд багачууд оролцож, дуулж бүжиглэх аж. Үүнээс гадна, МУГЖ, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа нээлтийн үйл ажиллагаанд оролцож "Нарны хаан хүүхдүүд" дуугаа дуулах юм байна. 

Энэ удаагийн "Монгол хүүхдүүд" баярын үйл ажиллагаа нь Монгол хүүхдүүдийн оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх онцлогт нийцсэн Оньсон наадгай, Шагайн наадгай, Хөлөгт наадгай, Ээдрээ тайлах наадгай, Өрж эвлүүлэх наадгай, Эрийн гурван наадгай зэргийг сурталчлах зорилоготой аж. Ингэснээр монголын уламжлалт 15 төрлийн 3000 гаруй тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулан мэдүүлэх юм. 

15 төрлийн наадгайгаас зургаан төрлийг нь онцлон "Уламжлалт наадгайн баатрууд"-ыг хүүхэд багачууддаа зориулан шинээр гаргаж байгаа аж. Тэднийг Монголдой, Шагайдай, Хөлөгдэй, Өрлөгхөн, Оньсонхон, Уранхан гэж нэрлэх юм. Зургаан төрлийн наадгайн баатрууд өөрсдийн хувцас өмсгөлтэйгөө маргааш төв талбайд бяцхан хүүхэд багачуудтайгаа танилцах юм.

Хүүхдийн баярын арга хэмжээг МҮОНТВ, UBS телевиз албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулалт хийнэ. 

Мөн Д.Сүхбаатарын талбайд төрийн болон төрийн бус, олон нийтийн байгууллагууд хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах аж. Зарим томоохон нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээс үнэ төлбөргүйгээр хүүхдүүдэд тараах юм байна. Тухайлбал, Монголын Сүүний холбооноос 10,000 хүүхдэд сүү тараг тарааж, ТЭСО ХХК нь хүүхдэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж азтан тодруулах гэнэ. Түүнчлэн "Монгол контент" ХХК-аас "Маамуу" брэнд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан хүүхдийн оролцоотой үйл ажиллагааг зохион байгуулах юм.


Т.Дашмаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна