Баянхонгор аймаг "Хуримын ордон"-той болно

2017/06/07
 Зуны эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Баянхонгор хотод баригдах хуримын ордны шавийг тавих ёслол боллоо. Шав тавих ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц. Отгонбаяр нар оролцов.

Хуримын ордны барилга орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, 750 сая төгрөгөөр 2017-2018 оны хооронд баригдаж ашиглалтад орно. Уг ордонд гэр бүлээ батлуулах олон олон залуу гэр бүлүүддээ мөнгөн хурим, алтан хуримаа үе уламжлан хийх өлзийтэй ерөөлийг УИХ-ын гишүүд ёслолын үеэр өргөлөө.

Хуримын ордны ашиглалт, үйл ажиллагааг Баянхонгор аймгийн ГБХЗХГазар хариуцаж үйл ажиллагааг тогтмол явуулах аж. Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хотноо ганцхан хуримын ордон үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Тус ордон хурим найрын үед ачааллаа дийлэхгүйгээс болж шинээр гэрлэж буй хосууд амьдралынхаа хамгийн дурсамжтай мөчийг дулимаг хийдэг байсан. Тэгвэл Баянхонгор аймагт ашиглалтад орох уг ордон хонгор нутгийн олон гэр бүлийн гайхалтай дурсамжийг бүтээх ариун өргөө болох нь ээ.
Эх сурвалж: Khongor.mn 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна