"G хороолол"-ын залуу нам байгуулжээ

2017/06/07
Монгол Улсад шинэ улстөрийн хүчин мэндэллээ. Улсын Дээд шүүхийн өнөөдрийн /2017.06.07/ хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэсэн тухайгаа албан ёсоор мэдээлжээ. 

“Үнэн ба Зөв” нам 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд үүсгэн байгуулагдсан  хуульч, эдийн засагч, эмч, багш зэрэг мэргэжилтэй 5000 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэжээ.

 Монгол Улсад хоёр намын тогтолцоо ноёрхсон, гуравдагч хүчний орон зай үгүйлэгдсэн энэ үед эгэл жирийн хуульч залуу А.Отгонбаатар санаачлага гаргаж, үзэл бодолдоо тууштай, үнэт зүйлээ эрхэмлэдэг залуусын дэмжлэгээр шинэ нам байгуулсан нь сошиал орчинд ярианы сэдэв болоод байна. 

Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм, нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзсэн байна.

“Үнэн ба Зөв” намыг Дээд шүүх албан ёсоор бүртгэснээр улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байна.  Улстөрд  салхи оруулах хүсэл эрмэлзэлтэй, хийж бүтээх зорилго тэмүүлэлтэй  залууст эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, өвдөх сэтгэлтэй, үнэт зүйлээ эрхэмлэж ажиллахыг хүсье.  
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна