Б.Нарангэрэл: "Сохо мебель"-ийн захирал н.Жадамбаас охиныхоо амийг нэхэж байна

2017/06/08
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 6-ны өдөр 22 настай охин 16 давхраас унаж амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд өндрөөс унасан шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэ хэргийн талаар цахим орчинд ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн гэх албан бус мэдээллүүд гарч байгаа юм.

Тодруулбал, “Сохо мебель” олон улсын тавилгын их дэлгүүрийн захирал эрэгтэй охины биед гэмтэл учруулсан, хүчирхийлэхийг завдсан гэж буй. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Хэрэг мөрдөн байцаалтын явцад явж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Захиралтай нь холбоотой асуудлын тухайд бол Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа.  Талийгаач охины өгсөн өргөдлийг цагдаагийн газраас шалгаж байгаа. Өргөдлийг буцааж авсан алга болсон зүйл байхгүй” гэх тайлбар өгчээ.

Талийгаач охины ээж нь нас барснаас хойш нь нагац эгч нь өөр дээрээ авч, хамт амьдарч байсан байна. Тэрбээр “Сохо мебель” компанийн захирлын туслахаар ажилд ороод гурван сар болж байжээ.

Охины нагац эгч Б.Нарангэрэл болсон явдлын талаар “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг айсандаа амиа хорлосон гэсэн мэдээлэл цацаж байна. Тэр бол худлаа. Бид дөнгөж шинжилгээнд өгчихөөд байж байхад ийм мэдээлэл гарч эхэлсэн. Энэ амиа хорлолт биш. Миний охины амийг егүүтэгчихлээ. Би “Сохо мебель” компанийн захирал Жадамбаас 22-хон настай жаахан охиныхоо амийг нэхмээр байна” хэмээн news.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хэрэг гарсан өдөр буюу 2017.06.05-ны өдөр ахтайгаа Цамбагарав хүртэл хамт явж байгаад 16:30 цагт салсан гэнэ. Ингээд 17 цагийн үед тус байрны 22 давхраас унаж амиа алджээ. Талийгаачийн ар гэрийнхэн охиныг хэн нэгэн санаатай дуудаж өндөр давхарт гаргасан байх магадлалтай гэж хардаж байгаагаа нуусангүй.

Орцны камерын бичлэгт охин яаруу бололтой орц руу гүйж орсон нь үлджээ. Мөн талийгаачийг байрны гадна таксинаас буух үед эргэн тойронд нь нэг хүн утсаар ярьж, олон удаа холхисон бичлэг үлдсэнийг шалгуулж байгаа гэнэ.
 
Т.Очир 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна