Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх 280 км замын дагуух орчныг цэвэрлэжээ

2017/06/12
Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас нэг сарын хугацаатай  зарласан “Цэвэр сайхан орчин”  аян  Хөвсгөл аймгаас эхэллээ.  Мөрөн хотын  Чингүнжавын  талбайд  нээлтээ хийв.  

Энэхүү хог цэвэрлэх аянд тус аймгийн 300-аад иргэн нэгдээд байна. Тэд Тариалан сумаас Хатгал тосгон хүртэлх нийтдээ 280 км хатуу хучилттай хар замын дагуух орчныг цэвэрлэж, хоггүй болгох аж. Зүсэр бороо шаагиж, цахилгаан цахиж, тэнгэр нүргэлж байсан ч нутгийн иргэд аяны нээлтэнд оролцож, шуудай, бээлийгээ авцгаан хуваарилсан газарруугаа явцгаасан юм.  



УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг саяхан шинэчлэн баталсантай холбогдуулан дээрх аяныг зарласан аж.  Үүнийг  Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Засаг даргын тамгын газар дэмжиж, санаачлага гарган, “Хөвсгөл-Нэг үе клуб” төрийн бус байгууллагатай  хамтран  хог цэвэрлэх  ажлыг эхлүүлээд байна.  

Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Х. Ган-Очир 


“Манай аймаг бол аялал жуулчлалын гол бүс нутаг.  БОАЖЯ-наас зарласан энэхүү аяныг дэмжиж,  “Цэвэр сайхан орчин” аяны нээлтээ хийлээ.  Дотоод, гадаадын жуулчид, Хөвсгөл аймгийг зорин ирж байгаа иргэдийн туулан өнгөрүүлдэг 280 гаруй км гол замын дагуу  өргөнөөрөө 50 орчим метр газрын хогийг цэвэрлэж байна.

Энэ ажилд нийтдээ 40 гаруй байгууллагын ажилтнууд, иргэд оролцож байгаа юм. Бид  аливаа арга хэмжээ зохион байгуулахдаа аль болохоор л иргэдийн оролцоог  нэмэгдүүлэх, түүн дээрээ тулгуурлахыг зорьдог. Тиймээс ч энэ ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Хөвсгөл -Нэг үе клуб” төрийн бус байгууллага   байгаль  орчноо хамгаалах, хог хаядлыг цэвэрлэх, хоггүй, цэвэр цэмцгэр орчинд аялж зугаалах үйлсийн төлөө бидэнтэй хамтраад энэхүү ажлыг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байгаа.

Бүх зүйлийг төр шийднэ гэвэл хүндрэлтэй шүү дээ. Тиймээс аль болохоор төрийн бус байгууллагууд, иргэдийнхээ оролцоог өргөжүүлж, хамтран ажиллаж, нэг нэгнээ дэмжиж байж Хөвсгөл нутгийнхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэсэн бат итгэлтэй явдаг. Энэ төрийн бус байгууллагынхан нутгаа гэх сэтгэл дээр нэгдэцгээсэн, сайн үйлсийн болон бүтээн байгуулалтын олон ажлыг хийснийг нутгийн зон олон андахгүй ээ.


“Хөвсгөл –Нэг үе” төрийн бус байгууллага  байгаль  хамгаалах чиглэлээр  иргэдэд мэдээлэл хүргэхээс  гадна   хог цэвэрлэхэд шаардлагатай байгаа шуудай, гарын бээлий зэрэг ажлын багаж хэрэгсэлээр тусалж байгаа нь  Хөвсгөлийн иргэдэд урам өгч байна. “Цэвэр сайхан орчин” аяныг манай аймгийн  иргэд ч дэмжиж  идэвхитэй оролцохоо илэрхийлж байгаа. Тиймээс   ирэх долоо хоногоос  малчид, нийт иргэдийг уриалж, амьдарч байгаа  орчин тойрноо ч  цэвэрлэж эхэлнэ.

Үүнээс гадна хоггүй орчинд амьдрах хэв дадлыг эзэмшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг ч явуулна. Голын голидрол  дагуу хог  цэвэрлэх ажилд   төрийн байгууллагуудыг түшиглэх  гэхээсээ илүү иргэдийг татаж оролцуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэлээ. 



Энэ аяныг хамтран зохион байгуулж байгаа  “Хөвсгөл-Нэг үе клуб” төрийн бус байгууллагыг    анх 2007 онд Хөвсгөл нутагт төрж өссөн, тэндээс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн  хүмүүс нэгдэж байгуулжээ. Байгуулагдсан цагаасаа хойш олон ч хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан, Чингүнжавын цогцолбор, Нэг-Үе цэцэрлэгт хүрээлэн  зэрэг олон бүтээн байгуулалт өрнүүлсэн, спортод элэгтэй залуусыг дэмжин олон ч тэмцээн уралдаан зохион байгуулсан аж. Тэд энэ арван жилийн хугацаанд сайн дурын ажлыг нутгаа гэх хүмүүсийн чин сэтгэл, тус дэм, хандив дэмжлэг, оролцоотойгоор  хэрэгжүүлж ирсэн юм байна. 

Энэхүү хог цэвэрлэх аяны талаар иргэд ам сайтай төдийгүй, өөрийнхөө боломж, бололцооныхоо хэрээр гар бие оролцож нэгдэхээ илэрхийлж байлаа.  





Х.Дэлгэр  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна