С.Залуухүү: Галын голомтыг дарж байсан учир барилгын үндсэн бүтцийг эвдээгүй

2017/06/15
ОБЕГ-аас урд шөнө “Говь” ХК-д гарсан гал түймрийн талаар мэдээлж, үйлдвэрийн дээврийн хэсгийн 80 хувь нь шатсан гэсэн мэдээлэл өгсөн юм.
  
Түймрийн тархалт 30 мянган кв талбайг хамарчээ. Цагдаагийн байгууллага 14 хоногийн дотор хэргийг мөрдөн шалгах ёстой аж.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү “Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас найм, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч галыг унтраахаар ажиллаж байна.



Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал ихтэй, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан. Өөрөөр хэлбэл, гал түймэр гарсан обьектын хэсэг төмөр бетон, дээгүүр нь 30 см орчим зузаан шилэн хөвөн, хөөсөнцрөөр дулаалж, модоор давхарлан карказ хийсэн,  6-7 давхар хар цаасан хучлагатай, хучлаганы завсар “замын хар”-аар бэхжүүлсэн нь галыг эрчимтэй тархааж, унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулсан.

Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас таван тн-ын багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас долоон тн-ын багтаамжтай ус тээвэрлэгч зургаа, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулсан.



Агаар авангуут гал түймэр өндөр хэмжээгээр авалцах хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байлаа. Тиймээс гал түймрээс барилгын үндсэн хийц, бүтцийг хамгаалах, тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг аврахаар ажилласан. Өнөөдрийн байдлаар гал түймэр унтрах шатандаа явж байна. Гал түймэрт барилгын дээврийн хэсэг өртсөн. Харин барилгын үндсэн бүтэц, тоног төхөөрөмж галд өртөөгүй. Унтраах үйл ажиллагааны явцад галын голомтыг дарж байсан учир барилгын үндсэн бүтцийг эвдээгүй” гэлээ.
 
Говь компаниас мэдэгдэл гаргалаа
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна