Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялахуй

2017/06/18
Манай сайт уншигч та бүхэнд байгалийн гэрэл зурагчин Б.Баярын уран бүтээлүүдээс цувралаар хүргэхээр боллоо. Тэрбээр 1962 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Эдийн засагч мэргэжилтэй. Хэдий эдийн засагч мэргэжилтэй ч өөрийн хүсэл сэтгэл нь эрхгүй гэрэл зураг руу татагджээ. Гэхдээ түүнийг байгалийн гэрэл зурагчин гэдгээр нь олон хүн мэднэ. Өдгөө дэлхийн 30 гаруй орноор аялан өөрийн гэрэл зургийн түүхийг зузаатган нэмжээ. 

2007 оноос эхлэн байгаль, ан амьтан, шувуу гэхчилэн бидний тэр бүр харж чаддаггүй байгалийн гайхалтай дүр төрхийг өөрийн гэрэл зургийн хальсандаа буулган мөнхөлж яваа уран бүтээлч. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монгол орон бол гэрэл зурагчдын хувьд диваажин л гэсэн үг" хэмээн дурдсан байдаг. Үнэхээр түүний гэрэл зургийн хальсанд байгалийн үзэсгэлэнт дүр зургийг харахад эрхгүй сэтгэл гижигдэж, догдолмоор. 



Гэрэл зурагчин Б. Баярын товч намтар  
  • 1962 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • Эдийн засагч мэргэжлээр дээд боловсролтой
  • 2007 оноос эхэлж дижитал гэрэл зурагтай ажилласан.
-     Гэрэл зургийн мэдлэгийг online болон практик хэлбэрээр олж авсан.
  • NIKON брэндын мэргэжлийн камер, дуран, хэрэгсэлтэй ажилладаг.
  • Байгаль, ан амьтан, шувуу, Монгол ахуйн чиглэлээр төрөлжсөн зураг авдаг.
  • “Баярын Сэтгэгдэл” гэсэн гэрэл зургийн анхны цомог номоо 2013 онд гаргасан.
  • 2014 оны 1 сард  Улаанбаатар хотод гэрэл зургийн бие даасан тайлан үзэсгэлэнгээ  “Blue Moon” галларейд гаргасан.
  • 2014 оны 2 сард  Японы Токио, Сайтамо, Ёокохамо хотуудад “Монголын үзэсгэлэнт байгаль” сэдэвт Гэрэл зургийн үзэсгэлэнгээ бие дааж гаргасан.
  • 2015 оны 1 сард Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод мөн “Монголын үзэсгэлэнт байгаль” сэдэвт Гэрэл зургийн үзэсгэлэнгээ бие дааж гаргасан.
  • 2015 оны 9 сард Итали улсын 2 хотод “Үзэсгэлэнт Монгол” нэртэй гэрэл зургын үзэсгэлэнгээ гаргасан.
  • Мөн түүнчлэн Польш, Турк, Япон, Хятад, Канад улсуудад миний үзэсгэлэнт байгалийн бүтээлүүдээс дэлгэсэн болно.
  • Сүүлийн 4 жилд “National Geographic TRAVELER”, “Гоодаль”, “Гайхамшигт Амьдрал”, “Дээжис” “ Mongolian PHOTO” зэрэг сэтгүүлүүдэд гэрэл зургаараа танил болсон.
  • Face Book, Flickr зэрэг сошиал Медиа ертөнцөд байгалийн гэрэл зургаараа нилээд олон хүмүүсийн хүрээлэлтэй, танил зурагчин болсон.
 Шагнал:
  Монголын Үндэсний Гэрэл Зургийн Танхимаас зарласан Express Photo -2012 уралдаанд “Байгаль, Хүрээлэн буй орчин” номинациар Тэргүүн байр,
  1. Зэрлэг ан амьтан судлах хамгаалах Төвөөс зохиосон “Монголын шувууны Фото зураг” -ын 2012 оны уралдаанд 3-р байр,
  2. Езнис Айр компаниас 2012 онд зарласан “Миний сайхан эх орон” сэдэвт гэрэл зургийн уралдааны “Шилдэг оролцогч” өргөмжлөл,
  3. Монголын Фликэрчдын бүлгийн 2012 оны шилдэг 40 бүтээлийн өргөмжлөл,
  4. Франци улсын CIS LLC компаниас зохиосон эх орноо сурталчлах 2011 оны гэрэл зургийн уралдаанд “Шилдэг бүтээл” шагнал.
  5. Японы Токио хотод 2013 онд болсон Монголын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнд миний Говийн зураг үзэгчдээс хамгийн их үзсэн үнэлгээ авсан зургаар шалгарсан.

Өмнөговь Мухар шивэрт - Өмнөговь аймгаас хойш 30 км-ийн зайнд орших Мухар Шивэртийн ам Монгол орны байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудын нэг юм. Говь Гурван сайхан уулын Зүүн Сайхан ууланд орших энэ газар ус, мөс, хад зэрэгцэн оршино. Зуны халуунд ч мөсөн хавцал доогуур ус хоржигнон урсаж, ногоон зүлэг зэрэгцэн ургах нь үзэсгэлэнтэй сайхан харагдана. Хамгийн өндөр мөсөн гол нь 10 метрийн өндрөөс буудаг. Зуны цагт нь мөс нь хайлахдаа удаан байдаг аж. Энэхүү байгалийн үзэсгэлэнт тогтоц алдарт Ёлын амнаас холгүй байрлах бөгөөд тус аймагт зочилсон хүн бүрийн заавал үзэх газар юм.



Дундговь аймаг. Цагаан суварга Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг.



Өмнөговь аймаг. Баянзагд - Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Баянзагийн улаан шаварлаг хөрс  нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө  амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.





Баянзагд наймаа хийж буй хүү



Хөвсгөл аймаг. Далай ээж 
...Дэлхийн мөрөөдөл Хөвсгөл далайнхаа 
Дэргэд нь амьдрахын заяатай байж дээ
Дээдсээс цуутай Монгол нутагтаа 
Дэвжин жаргахын тавилантай байж дээ 




Далай ээж. Хос хун







Хөвсгөл аймаг. Зуны эхлэл 



Говь-Алтай аймаг. Ээж хайрхан - Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 100 орчим зүйл ургамал тархсан нь экологийн өвөрмөц бичил орчинтойг илтгэдэг. Аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтдын хоёр тийш нүүдэллэх хөндий болж байдгаараа чухал ач холбогдолтой. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий. Ээж хайрхан уулаар бүрэн аялж хадны тогтоц байдлыг ажиглан мэдэхэд олон цаг хэрэгтэй бөгөөд авирах явцад замын турш янз бүрийн нэр өгч нэрлэхээр гайхалтай сонин байгаль эхийн бүтээлүүдээр баялаг билээ.



Говь-Алтай аймаг. Баян тоорой модУлиасны төрөл зүйлд хамаарна. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд, уулын хавцал амны булаг шандтай ойрхон чийглэг орчинд ургана. Монгол орны Өмнөговь, Ховд, Говь-Алтай аймгуудад тархан ургасан байдаг. Говийн бүсийн 30 орчим баянбүрдийн хүрээнд 53 мянган тоорой бүртгэгдсэн байна. Тоорой нь нэн ховор мод учраас Улаан номонд бичигджээ. Өндөр нь 6-10 метр, навчны хэлбэр олон янз байдаг бөгөөд 1 зүйлийн бургас, 8 зүйлийн улиасны навчны хэлбэрүүд зөвхөн тоорой модонд ургадгаараа онцлог. 
 


Говь-Алтай аймаг. Ээж хайрхан - Ээж хайрхан уулын домог

Эрт урьдын цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтээгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ.

Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:
-Уг нь сайхан ноён байжээ. Одоо хөгширч буурал суусан байна гээд голжээ.

Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна. Харин Аж богд

-Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнээ. Гоо бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя гэж боджээ. Аж богд сэрээд:

-Хатан хайрхан хайчсан бэ? гэж асуув

-Буцсан гэхэд

-Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.

Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ. Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн

- Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ.

Тэгэхэд нь гоо бүсгүй:

- Би даанч яав даа. Миний багын найз Суман хайрхан ялдам нүдээрээ харж байна. Харц харцтайгаа суудаг байж гэж сүүлчийн удаа нэмж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юм санжээ. Ингэж Ээж хайрхан уул үүссэн домогтой юм гэнэ.




Говь-Алтай аймаг. Шаргын говьҮүлэн хээ





Ховд аймаг Жаргалант хайрханы Рашааны хүрхрээ 


























































Үргэлжлэл бий...

Т.Очир

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна