“Боинг” корпораци сансрыг эзэмших XS-1 төслийн хүрээнд “Phantom Express” хэмээх сансрын хөлөг бүтээх ажлыг эхлүүлжээ. DARPA агентлагтай хамтран бүтээх энэ онгоц нь цэргийн зориулалттай олон удаа ашиглагдах анхны хөлөг юм. Төсөл саадгүй хэрэгжвэл 2019 онд тэд анхны туршилтаа хийх төлөвлөгөөтэй юм байна. Туршилт амжилттай болж, хэрэглээнд нэвтэрвэл 10 хоногт нэг удаа тогтмол нислэг үйлдэж, нэг удаадаа 1350 кг ачаа тээвэрлэх боломжтой. Нислэгийн зардал таван сая орчим ам.доллар байгаа нь одоо байгаа бүх сансрын хөлгөөс давуу гэсэн үг юм. 2019 оны туршилт амжилттай болсон тохиолдолд дараагийн шатанд таван махын (1 мах 330 м/с ) хурдтай цуврал нислэг үйлдэж, цаашдаа хурдыг 10 мах хүртэл өсгөхөөр зорьжээ. Хөөрөхдөө босоо байрлалаас шууд дээш чиглэлд хөөрнө. Түлшийг шингэн хүчилтөрөгч, ус төрөгчөөр шийдэхээр төлөвлөсөн аж.
XS-1 төслийн удирдлагын багийн хийсэн мэдэгдэлд “Phantom Express” бол одоо ашиглагдаж байгаа зөөгч пуужин, онгоцын аль аль нь биш. Тэдний дундын эрлийз байх болно. Төслийн гол зорилго нь нислэг нэг бүрт гарах зардлыг 10 дахин бууруулах, нислэг хоорондын хугацааг богиносгох явдал юм. Төслийг хэрэгжүүлэх компаниар “Боинг” сонгогдсон нь ч тохиолдлын хэрэг биш. Урьдчилсан шатанд давуу тал, туршлагаа хангалттай нотолсон учраас дараа, дараагийн шатыг хэрэгжүүлнэ гэсэн итгэл төрүүлж чадсан” хэмээжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна