АНУ ОХУ-д тавих хоригоо улам чангарууллаа

2017/06/21

АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-д тавих хоригоо чангаруулснаа мэдэгдлээ. Мөн энэ үйл явдалтай зэрэгцээд Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко АНУ-д айлчилсан нь анхаарал татаж байна. Ийнхүү АНУ ОХУ-д тавих хоригоо чангаруулсан нь Украйны хямралыг дипломат аргаар шийдэх АНУ-ын зорилгын нэг хэсэг гэж тайлбарласан байна. Мөн ОХУ Минскийн хэлэлцээрт тусгагдсан өөрийн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хэрэгжинэ гэж АНУ-ын Сангийн яамнаас мэдэгджээ. Петро Порошенкотой уулзах үедээ Дональд Трамп "АНУ Украйнд анхаарал хандуулсаар ирсэн"-ийг онцолсон байна. Мөн хоёр талын харилцаанд нэлээд ахиц гарсан гэж Дональд Трамп уулзалтын үеэр мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Украйны Ерөнхийлөгч Петро Порошенкотой уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг. Манай улс Украйнд маш их анхаарал хандуулсаар ирсэн. Энэ удаагийн уулзалтаар бид маш үр дүнтэй яриа хэлэлцээрүүд хийлээ. Яриа цаашид ч үргэлжилж, ахиц дэвшил гарна гэж найдаж байна. Тантай уулзах нь надад нэр төрийн хэрэг юм. Танд баярлалаа” гэсэн байна.

Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко “Украйны хамгийн итгэлтэй, стратегийн ач холбогдолтой улсын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг юм. Бид батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт тусламж дэмжлэг авч байгаагийнхаа ачаар улс орондоо эрх чөлөө, ардчиллыг бүтээхээр зорин ажиллаж байна. Украйн улс амжилттай байна гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Харин АНУ-ын Ерөнхийлөгч бол энэ амжилтын түүхийн нэг хэсэг юм. Иймээс бидний үр дүнтэй хамтын ажиллагаа манай улсад энх тайван цогцлоож чадна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна” гэж онцолсон байна.

Харин "Энэхүү хоригийн эсрэг хариу арга хэмжээ авна" гэдгээ ОХУ ч мөн мэдэгдлээ. Мөн АНУ ОХУ-тай харилцаагаа сайжруулах боломжоо алдсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгджээ.

Үүнээс гадна АНУ хоригоо чангаруулах шийдвэр батлагдахаас хоёрхон цагийн өмнө ОХУ-ын Сангийн яам гурван тэрбум ам.долларын гадаад бондоо амжилттай худалдаж чадсан байна. Хэдийгээр нөхцөл байдал сайнгүй байгаа ч гаднын хөрөнгө оруулагчид бондын ихэнх хэсгийг худалдан авсан гэж холбогдох албаныхан мэдээллээ. Гэхдээ АНУ-ын хоригийн дараа 2026 онд хугацаа нь дуусах ОХУ-ын евро бондын өгөөж есөн суурь нэгжээр өсөж, эрсдэл нэмэгдээд байгаа юм.
 
Эх сурвалж: Bloomberg


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна