Солонгос олон ангит кино үзсэн хүмүүсийг цаазаар авчээ

2017/06/28

Хойд Солонгосын эрх баригчид долоон хотод нийт 80 хүнийг Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэн, тэдний явуулж буй тархи угаалтад автсан хэргээр баривчлан цаазаар авчээ.

Манай улсад Солонгосын олон ангит кино бараг л суваг бүхэн дээр гарч, үзэгчдийг зурагтын өмнө уяж байгаа билээ. Тэгвэл Хойд Солонгосын эрх баригчид энэ сар гарснаас хойш долоон хотод нийт 80 хүнийг Өмнөд Солонгосын олон ангит кино үзсэн, тэдний явуулж буй тархи угаалтад автсан хэргээр баривчлан цаазаар авчээ.

Цаазаар авахуулсан иргэдийг олон ангит киноноос гадна насанд хүрэгчдэд зориулсан зураг, дүрс бичлэг, мөрийтэй тоглоомын шинж чанартай цэнгээнт нэвтрүүлгүүдийг үзсэн хэмээн буруутгасан байна. Өмнөд Солонгосын “Жонанг Ильбо” /JoongAngilbo/сонинд энэ талаар мэдээлсэн байна. Уг мэдээлэлд дурьдсанаар, эрх баригчид энэ сарын гуравны өдөр дээр дурьдсан хэрэгт буруутгагдсан иргэдийг буудан хороосон байна. Цаазлах ажиллагаа долоон хотод зэрэг болсон бөгөөд хот тус бүрт 10 гаруй хүн  цаазлагджээ. Бусдад сургамж болгох үүднээс цаазын ажиллагааг олны өмнө гүйцэтгэсэн байна. Жонанг Ильбо сонины Хойд Солонгос дахь эх сурвалжий мэдээлснээр, долоон хотын нэгэнд нь цаазаар авах ажиллагаа 10 000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд явагдсан гэсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хүмүүсийн дунд хүүхэд эмэгтэйчүүд олноороо байжээ.

Нийслэл Пхеньян хотод цаазын ажиллагаа явагдаагүй байна. Удаагийн цаазлах ажиллагаа нь Ким Жон Уныг засгийн эрхэнд гарснаас хойших хамгийн өргөн хэмжээний цаазаар авах ажиллагаа болсон хэмээн Жонанг Ильбо сонинд бичжээ. Тус улс өнгөрсөн наймдугаар сарын эхээр эх оронч дуу зохиосон хоёр хөгжимчнийг цаазаар авсан. Тэднийг зураг авалтын үеэд эрх чөлөөг хүсэмжилсэн ааш аяг үзүүлсэн гэсэн шалтгаанаар цаазалсан гэсэн мэдээлэл гарсан. Харин барууны хэвлэлүүдэд “Цаазаар авахуулсан хоёрын нэг нь Ким Чен Уны бүсгүй байсан” хэмээн хэмээн цуурч байсан юм.  
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна