БНХАУ-ын "China UnionPay" компани Макаогийн 1200 гаруй "ATM"-д нүүр царай таних систем суурилуулахаар боллоо. Ингэснээр тус компани "Minority report" киноныхтой ижил технологийг нэвтрүүлж буй хамгийн анхны компани болж байна. Бэлэн мөнгөний автомат машинууд нүүр царай таних системтэй болсноор Хятадын хөрөнгийн гадагшлах урсгал болон мөнгө угаах явдалд хяналт тавих боломжийг нэмнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Түүнчлэн энэхүү систем нь нүүр таних технологийн харьцангуй энгийн загвар аж.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний Засгийн газар гадаад валютын шилжилтийг багасгаж, юанийн ханшийг чангатгах бодлого баримталж буй. Иймд тус улсын Төв банк өнгөрсөн онд 816 тэрбум ам.доллар гадагш гарсантай холбогдуулж зохих хяналтыг тогтоогоод байгаа юм. Хятадын Гадаад валютын зохицуулах газар зургадугаар сарын 2-нд банкууд болон "China UnionPay"-ийг мянган юаниас дээш хэмжээний гадаад шилжүүлэг болгоны тайланг ирүүлж байхаар шийдвэрлэсэн байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна