Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүх монгол хүний өр, зээлийг нэг удаа өршөөж, хүчингүй болгоно хэмээн амласан нь шуугиан тариад байна.
Иргэдийн зүгээс Х.Баттулгын энэхүү амлалтыг хэзээ ч бүтэхгүй, бүтлээ гэхэд улсаа бүрэн сүйрүүлж, банк санхүүгийн тогтолцоогоо дампууруулж байж хэрэгжих популист амлалт хэмээн шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь зөв зүйтэй санал хэмээн талархан хүлээж авч байна.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Хөрөнгийн захын шинжээч Д.Ангар нар байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Монгол Улс зургаан сар л тэснэ
-Бид чинь "жоом алах гээд байшингаа шатаана" гэдэг л болох гээд байнуу даа. Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ард иргэдийг байнга ажилгүй, орлогогүй, ядуу зүдүү, харанхуй бүдүүлэг байлгаж, ингэснээр эцэст нь ходоодоор нь гогдож сонголт хийлгэх IPPON мэх үү?
Ямар ч хамаагүй аргаар төрийн эрхийг булааж авах эцсийн мөч! За сонгуулийн хууль зөрчих энэ тэр бол бүр цаашаа боллоо! Хэрэв сонгуулийн үр дүнд АНамын энэ "өргүй болгох" мэдэгдэл нөлөөлбөл Монгол улс 6 сар л тэснэ! ЯАГААД?
-Огноо: 2017.5.31
-Банкны нийт зээл 12.7 (100 хувь) их наяд
-Үүнээс иргэдийн зээл 5.6 (44 хувь) их наяд
-Банкны нийт өөрийн хөрөнгө 3.1 их наяд!
-Иргэн зээлдэгчийн тоо 943 668
-Нэгж зээлийн дундаж дүн 6 сая төгрөг
-1072 хувьцааны 2017 оны хүлээгдэж буй ногдол ашиг 35 мянга орчим. Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтанд авбал иргэд зээлээ төлөхгүй ХАРЗНАХ сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ. Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчвол удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно. Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44 хувь нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25 хувиар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно.
Жилийн дараа 100 хувь алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно. (зээл нь 5.6 их наяд бол өөрийн хөрөнгө үүнээс 45 хувиар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарах!) За дээрээс нь яг энэ үеэр ОУВСангийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна. Уг нь манай иргэдийн зээл 95 хувийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг! Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ нь улсын зээлжиих зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ! Мөн яг 6 сарын дараа өмнөх Засгийн газраас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана! Бид үүнийг л хүссэн гэж үү? Өөр олон үр дагаваруудыг бодит тоотой бичиж болох ч энэ удаа ингээд зогсоё. Гадаа их халуун байна, олон хүний даралтанд огцом өөрчлөлт гарч болзошгүй!
Хөрөнгийн захын шинжээч Д.Ангар: Популизмын өртөг нь банкны хадгаламж эзэмшигч нарт оногдоно
-Банкуудын баланс дахь нийт зээлийн хэмжээ 12 их наяд төгрөг. Үүнээс иргэдийн зээл нь 47 хувь буюу 5.6 их наяд төгрөг. Сая АН-ынхан Х. Баттулгад Ерөнхийлөгчөөр сонгогдвол зээлтэй бүх иргэдийн өрийг нэг удаа чөлөөлөх даалгавар өглөө. Тэгэхээр юу болох вэ?
5.6 их наяд хүртэлх төгрөгийг төлөх эх үүсвэр Засгийн газарт байхгүй, учир нь тэд өнөөг хүртэл өөрсдөө иргэдээс дотоод бонд гаргаж зээл авч байгаа. Хэрвээ Х. Баттулга үнэхээр Ерөнхийлөгч болчихвол иргэд зээлээ төлөхөө зогсооно. Сар бүр төлдөг хүүгээ ч төлөхгүй. Нэгэнт чөлөөлөгдөх юм чинь гээд! Тэгээд тун удахгүй Монголын бүх банкууд төлбөрийн чадваргүй болж дампуурна! Явж явж популизмын өртөг нь банкны хадгаламж эзэмшигч нарт оногдоно!
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна