"Их 20" уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зөвшилцөлд хүрэхийг зорьж байна

2017/07/03

Ням гарагт Германы Хамбург хотод энэ долоо хоногийн сүүлээр болох "Их 20"-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эсэргүүцсэн жагсаал боллоо. "G20 Protest Wave" хөдөлгөөн болон хүрээлэн буй орчны бүлгүүдээс бүрдсэн эсэргүүцэгчид "Их 20" гишүүн орнуудыг тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт болон популист үзэл баримтлалын эсрэг арга хэмжээ авахыг хүссэн байна.

Харин ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель эдийн засгийн бодлогод санал зөрөлдөөнтэй байдал үүсэхээс зайлсхийж, харилцан ашигтай шийдэлд хүрэх хэрэгтэй гэж "Их 20"-ийн гишүүн орнуудад хандан уриалжээ. Мөн тэрбээр "Энэ долоо хоногт Хамбургт зохион байгуулагдах дээд хэмжээний чуулга уулзалт нь санал зөрүүтэй байр суурийг нэгтгэнэ. Мөн гишүүн улсуудад олон улсын эдийн засагт эерэг үр дагавар гаргахуйц бодлого тодорхойлох боломжийг олгоно" гэж байр сууриа илэрхийлжээ. Түүний хувьд Германы боомт хотод зохион байгуулагдах хоёр өдрийн уулзалтаар худалдааны дүрэм журам, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаарх бодлогын зөрүүтэй байдлыг арилгаж, зөвшилцөлд хүрэхийг зорьж байгаа юм.

Хамбург хотын төв талбайд өнгөрсөн амралтын өдөр зохион болсон жагсаалыг Германы цагдаагийн албан хаагчид аюулгүй болгон, хяналтдаа авчээ.

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна