Ногоон талбайн наймааны сонин хачин

2017/07/04
● Арсенал Франц довтлогч Килиан Мбаппегийн төлөө Реал Мадридыг бут цохиж £125 сая паундын санал тавихаар бэлтгэж эхлээд байгаа бөгөөд Арсен Венгер 18 настай Франц довтлогчийн эцэгтэй нь хэдийнэ ярилцаад амжсан байна хэмээн “Mirror” мэдээллээ. Харин өчигдөрхөн Арсеналыг Лионы 26 настай Франц довтлогч Александр Ляказеттыг клүбийнхээ рекорд үнэ болох £50 сая паундаар авахаар боллоо хэмээн мэдээлээд байсан нь тодорхойгүй хэвээр үлдсэн.

● Түүнчлэн Арсенал энэ зундаа багтаж Алексис Санчесыг зарах хүсэлтэй байгаа гэнэ. Дор хаяж £50 сая хүрэх боломжтой 28 настай Чили довтлогчийг одоо л зарахгүй бол Буучид түүнийг ирэх зун үнэгүй алдах аюул тулгараад байгаа юм. Гэхдээ Арсен Венгер супер тоглогчоо Ситид өгч ривал багаа хүчирхэгжүүлэхийг хүсэхгүй байгаа тул Германы Байернд хүрд эргүүлэх боломж олдож магадгүй байгаа аж.

● Арсенал болон Манчестер Юнайтедад тоглож байсан премьер лигийн супер од Робин ван Перси Англид эргэн ирж магадгүй байгаа мэдээ дуулдлаа. Туркийн Фёнербахче клүбт тоглож буй 33 настай Нидерланд довтлогчийг Кристал Палас клүб сонирхож байгаа бөгөөд Бүргэдүүдийн шинэ менежерээр томилогдсон Франк де Бур Холланд довтлогчийн авьяас туршлага талбай болон хувцас солих өрөөнд маш их нөлөө үзүүлж чадна гэж үзэж байгаа ажээ.

● 2010 оноос хойш 32 довтлогч элсүүлсэн ч олигтой тусыг эс олсон Алхнууд энэ удаа Мексик довтлогч Чичаритог премьер лигт эргүүлэн авчрахаар хичээж байна. Байерн Леверкузенд тоглож буй экс Улаан Чөтгөрийн гэрээг ердөө £13 саяар чөлөөлөх заалттай юм байна.

● Францын Нант клүбийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Клаудио Раньери Арсеналын Колумби хаалгач Дэвид Оспинаг багтаа нэмэх хүсэлтэй байна.

● Ливерпүүлийн менежер Юрген Клопп 27 настай Англи довтлогч Даниэл Старрижыг Энфилдийг орхиход нь блок хийжээ. Учир нь түүнийг орлуулахад дэндүү их мөнгө зарцуулах шаардлага тулгараад байгаа гэнэ.

● Атлетико Мадрид клүб энэ зун Челсигээс Диего Коштаг эргүүлэн авахаар ажиллаж байгаа бөгөөд 28 настай Испани довтлогчийн төлөө £40 сая паундын саналыг Стэмфорд Брижэд тавьж магадгүй байна. Испанийн баг энэ зун наймаа хийх хориг хүлээгээд байгаа ч Коштаг ирэх өвлийн цонх хүртэл багтаа бэлтгэл хийлгэж формыг нь хангах бодолтой байгаа аж.

● Свонси Сити клүб Роки Меса хэмээх Лас-Пальмас клүбийн 28 настай Испани плеймэкерийг £11 саяар нэгтгэх төлөвтэй байна.

● Их Буучид 27 настай Англи зүүн жигүүрийн хамгаалагч Киран Гиббсийг £8 саяар үнэлсэн.

● Өчигдрөөр Челситэй байгуулсан гэрээ нь дуусч буй 36 настай Англи төвийн хамгаалагч Жон Терри Чампионшипийн Астон Вилла клүбтэй албан ёсны хэлэлцээрээ эхлүүлжээ. Челсигийн экс ахлагч багаа хүндлэх үүднээс гэрээгээ дуусахаас өмнө ямар нэгэн багтай хэлэлцээрийн ширээний ард суугаагүй байсан.

● Францын ПСЖ клүб Ливерпүүлийн Бразил плеймэкер Филиппе Коутиньогийн төлөө £87 сая паундын санал тавих гэнэ.

● Эвертон клүб Арсеналын довтлогч Оливье Жиругийн төлөө £20 саяыг хэлээд үзэхээр болжээ. Вест Хэм зэрэг клүбүүд 30 настай Франц довтлогчийн төлөө £30 саяын санал тавиад байсан ч Жиру зэрэглэл буурахыг хүсэхгүй байгаа ч ирэх зуны Дэлхийн аваргад оролцохын төлөө гарааны эрхтэй багт шилжихэд бэлэн байгаа юм.

● Их Буучид Наполи клүбийн 25 настай Итали хагас хамгаалагч Жоржиньогийн төлөө £15 саяыг санал болгоод татгалзсан хариу авчээ.

● Саутхемптоны 23 настай Англи хамгаалагч Жек Стифенс багтайгаа шинэ 5 жилийн гэрээ байгуулсан бол 21 настай Англи довтлогч Сэм Галлахер Гэгээнтнүүдтэй 4 жилээр гэрээгээ сунгасан.

● Вест Бромвич Альбиончууд Гэгээнтнүүдийн Англи довтлогч Жей Родригезыг £15 саяар багтаа элсүүлэхэд ойртсон.

● Италийн Ювентүс клүб Арсеналын Польш хаалгач Войцех Щенсныйгийн төлөө тавиад байсан €5 саяын саналаа €8 сая хүртэл өсгөжээ. Их Буучид ирэх зун гэрээ нь дуусах 27 настай хаалгачаа €15 саяар зарчих сонирхолтой байгаа.

● Манчестер Юнайтедын 35 настай Швед довтлогч Златан Ибрахимович өөрийн инстаграм хуудсандаа “Ирлээ, үзлээ, яллаа” хэмээн бичиж оруулснаар Улаан Чөтгөрүүдтэй гэрээгээ сунгахгүй болохоо мэдэгдсэн. Ингэснээр Ибра өчигдрөөс чөлөөт агентын статустай болж байгаа юм.

● Эвертон клүб Луис Мурьель хэмээх 26 настай Колумби довтлогчийг Сампдория клүбээс тоочиглоод байна. Өнгөрсөн улирал Сериа А-д 11 гоолыг оруулсан Луис Мурьельд Мерсисайдын баг £17 саяын үнэ дуулгажээ.

● Италийн Рома клүб Ливерпүүлийн Испани зүүн жигүүрийн хамгаалагч Алберто Мореног сонирхож байна.

● Тьемуэ Бакайокогийн төлөөх тулаанд Челсид ялагдсан Хотынхон энэ удаа Ромагийн 24 настай Герман төвийн хамгаалагч Антонио Рюдигерийг Стэмфорд Брижэд алдахгүйн тулд бүх хүчээрээ ажиллаж байгаа аж. Цэнхэрүүд өчигдөрхөн түүнийг £35 саяар элсүүлэхээр боллоо хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан бол Манчестер Сити Рюдигерийг булан тойруулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

● Челси клүб Эвертоны 24 настай Бельги довтлогч Ромелу Лукаку болон Тоттенхэмын 21 настай Англи довтлох чиглэлийн хагас хамгаалагч Деле Алли нарын төлөө тус бүр £88 сая буюу £176 сая паундын санал тавихаар зэхэж байна гэнэ.

● Өнгөрсөн өвлийн цонхоор Америкийн лигээс £3.5 саяар Стэмфорд Брижэд нэгдэж байсан 21 настай янк хамгаалагч Мэтт Миазга 2016-17 улирал Нидерландын Витесс клүбт зээлээр тоглож өнгөрүүлсэн ч Челси клүбт нэгдсэндээ харамсахгүй байгаагаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Антонио Контед түүнийг шингээх газар үгүй тул Миазга энэ улирлыг мөн л айл хэсч өнгөрүүлэх гэнэ.

● Кристал Палас клүб Юнайтедын 24 настай Англи хаалгач Сэм Жонстоны төлөөх тулаанд ВБА, Хаддерсфилд, Лестер Сити, Астон Вилла, Мидлсбро зэрэг клүбүүдийн араас нэгджээ. Манчестер Юнайтедын академиас 2011 онд үндсэн багтаа дэвшиж байсан Жонстон Улаан Чөтгөрүүдийн төлөө тоглож үзээгүй билээ.

● Манчестер Юнайтедын бай Монакогийн 23 настай Бразил хагас хамгаалагч Фабиньо Францын ПСЖ клүб рүү сэтгэл татагдаад байна.

● Португийн 20 настай Португал хагас хамгаалагч Рубен Невишийг премьер лигийн Юнайтед, Челси, Ливерпүүл зэрэг топ клүбүүд сонирхож байсан ч Чампионшипийн Вүлвэрхэмптон клүб авахаар болж ангайлгав. Чононууд энэхүү наймаанд клүбийнхээ рекорд үнэ болох £14 сая паундыг зарцуулж байгаа аж.

● Ливерпүүл Серхио Рико хэмээх 23 настай Испани хаалгачийг Севилья клүбээс сонирхоод эхэлжээ. Улаанууд энэ хаалгачийн гэрээг чөлөөлөе гэвэл £26 саяыг төлөх ёстой.

● Челси Ювентүсийн Бразил зүүн жигүүрийн хамгаалагч Алекс Сандрог элсүүлэхэд тун ойртоод байгаа тухай мэдээлж байсан ч Алекс Сандро нь Алекс Теллес болж хувирчээ. Цэнхэрүүд Португийн 24 настай Бразил зүүн жигүүрийн хамгаалагч Алекс Теллесийн зүг анхаарлаа хандуулсан бөгөөд түүний үнэ £22 сая орчим байна.

● Лестер Сити Английн 4-р лигийн Ковентри Сити клүбийн 20 настай Уэльс довтлогч Жорж Томасыг £450,000 паундаар авахаар хичээж байна.

● Бөрнлигийн 31 настай Шотланд жигүүрийн довтлогч Жорж Бойд Шеффилд Уэйнсдей клүбт нэгдэхэд ойртжээ.

● Италийн Сериа А лигийн Кротоне клүб Ливерпүүлийн Серби жигүүрийн довтлогч Лазар Марковичын төлөөх тулаанд нэгдсэн.

● Юрген Клопп 20 настай Англи хамгаалагч Жо Гомезыг улирлын өмнөх бэлтгэлийн үеэр зээлээр явуулахыг хоригложээ.

● Дахин сануулахад Лестерийн жигүүрийн довтлогч Рияд Махрезыг Арсенал, Челси, Барселона зэрэг клүбүүд сонирхож байгаа ч 26 настай Алжир залууд албан ёсны урилга хараахан ирээгүй л байна.

● Арсенал Алекс Окслейд-Чемберленийг долоо хоногийн £100,000 паундын цалинтай гэрээгээр торгоож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ч 23 настай Англи төвийн хагас хамгаалагч Эмиратестай шинэ гэрээ үзэглэхээс татгалзаад байна. Окс Ливерпүүл клүбтэй нэр холбогдоод буй.

● Италийн Милан клүб Арсеналын Франц төвийн хамгаалагч Лоран Косельнигийн төлөө санал хүргүүлэхээр болжээ.

● Жозе Моуриньо Селтикийн 20 настай Шотланд зүүн жигүүрийн хамгаалагч Киран Тирнигийн төлөө £15 саяын саналыг хэлсэн.

● Манчестер Юнайтед багийнхаа ахлагч Уэйн Рүнид £10 сая паунд өгөөд “golden goodbye” хийхийг санал болгож буй боловч 31 настай Англи довтлогч Олд Траффордод ганц жил үлдэж дээрх мөнгийг 3 нугалж хийх хүсэлтэй байгаа гэнэ. Рүни долоо хоногийн £300,000 паундын цалин авдаг.

● Тоттенхэмд тоглож байсан Льюис Холтбиг санаж буй биз ээ. Бундеслигийн Хамбург клүбт тоглож буй 26 настай Герман хагас хамгаалагчийг Борнмут болон Ньюкасл клүбүүд сонирхож байгаа аж. Премьер лигт 3 улирал тоглосон түүний үнэ £5 сая орчим байна.

● Манчестер Ситигийн 31 настай Серби хамгаалагч Александер Коларов Туркийн Бешикташ клүбтэй 4 жилийн гэрээ байгуулахад ойрхон иржээ.

● Италийн Интер клүб хагас хамгаалалтандаа Байерны Артуро Видаль, Ромагийн Ража Наингголан болон Лейпцигийн Наби Кейта нарын нэгийг элсүүлэх хүсэлтэй байгаа тул Ливерпүүл зэрэг клүбүүд сонирхсон наймаагаа хурдан гүйцэлдүүлэхэд саад учруулж байна.

● Манчестер Юнайтед Испанийн аваргуудаас 23 настай Хорват хагас хамгаалагч Матео Ковачичыг авахаар хичээж байна.

● Реал Мадридын 24 настай Испани довтлогч Альваро Мората найзууддаа Олд Траффордын талд нэгдэнэ хэмээн ярьсан сурагтай. Үнэн эсэхийг нь баталж чадахгүй ч Ибратай гэрээгээ сунгаагүй Улаан Чөтгөрүүд төвийн довтлогч элсүүлэх нь үнэн юм.

● Челсигийн 20 настай Бельги довтолгооны хагас хамгаалагч Чарли Мусондаг Шотландын Селтик клүб багтаа нэгтгэхэд ойртжээ. Брендан Роджерсын баг Цэнхэрүүдийн залуу тоглогчийн төлөө £4.5 саяын үнэ хэлэх бололтой.

● Арсенал 21 настай Франц жигүүрийн довтлогч Томас Лемарын төлөө £30 саяыг санал болгоод Монакогоос татгалзсан хариу авсан тул Буучид үнээ өсгөж хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.

● Жан Сери хэмээх Ниццагийн 25 настай Кот Д’Ивуар хагас хамгаалагчийг Арсенал сонирхож байна. Түүний гэрээг £35 саяар чөлөөлөх заалттай юм байна.

● Бөрнлигийн төвийн хамгаалагч Майкл Кин өчигдрөөс эхэлсэн багийнхаа улирлын өмнөх бэлтгэлд ирээгүй байна. Учир нь Эвертон клүб 24 настай Англи хамгаалагчийн төлөө клүбийнхээ рекорд үнийг санал болгоод байгаа аж.

● Вотфордын 27 настай Итали довтлогч Стефано Окакагийн төлөө хятадын лигээс том мөнгөний ажлын санал ирсэн.

● Тэгвэл Ливерпүүлийн бай Пьер-Эмерик Обамеянг ч бас хятадын Тяньжин хотын багаас жилийн £70 сая паундын цалинтай санал хүлээн авчээ.

● Тоттенхэмын бай 19 настай Испани хагас хамгаалагч Карлес Алена Барселонатай 3 жилээр гэрээгээ сунгаж £66 сая паундаар чөлөөлөгдөх заалттай гэрээнд гарын үсэг зуржээ.

● Барсагийн босс Эрнесто Вальверде Юнайтедын Баск хагас хамгаалагч Андер Эррераг дахин сонирхоод эхэлсэн.

● Шаазгайнууд Манчестер Ситигийн 30 настай Англи хаалгач Жо Хартын төлөө ажиллаад эхэлжээ. 35 настай Аргентин хаалгач Вилли Кабальерог үнэгүй авчрах боломжтой байсан ч Ньюкаслын удирдлага хэт алмай загнасанаас Челсид алдсанд нь Испани менежер Рафа Бенитэс сэтгэл дундуур байсан ч Ньюкасл алдаагаа засаж топ зэрэглэлийн хаалгачтай холбогджээ.

● Вест Хэм клүб Кёльн клүбийн 29 настай Франц довтлогч Антони Модестын төлөө клүбийнхээ рекорд үнийг санал болгосон боловч татгалзсан хариу авсан тул Седрик Бакамбу хэмээх Вильярреалын 26 настай Конго довтлогчийн төлөө £22 саяын санал тавьжээ.

● Арсеналын бай Леверкузены Турк хагас хамгаалагч Хакан Чалханоглу Италийн Милан клүбт нэгдэхээр болж байх шиг байна.

● Испанийн Сассуоло клүбийн 26 настай Франц довтлогч Грегуар Дефрель £15 саяын үнээр Үнэгнүүдтэй нэгдэнэ.

● Тоттенхэмын сонирхолд өртөөд буй 23 настай Англи төвийн хамгаалагч Алфи Моусоны үнийг Хунгууд £20 саяар тогтоосон.

● Бүргэдүүд Испанийн Севилья клүбийн 31 настай Франц төвийн хамгаалагч Адиль Рамиг тоочигложээ. Уг нь Болор Ордныхон Ливерпүүлийн 27 настай Франц төвийн хамгаалагч Мамаду Сакогийн гэрээг жинхлэх хүсэлтэй байгаа ч Улаанууд £30 саяын босго үнэ тавьсан нь Франк де Бурын багт хүндрэлтэй байгаа аж.

● Арсенал болон Вест Хэм клүбүүд Лукас Пересийг Энди Кэрроллоор солилцох сонирхолтой хувилбарыг судалцгааж байна. Эдгээр довтлогчдыг төөлвөл бие нь эс чацуу ч тоолвол нас нь адилхан билээ.

● Ливерпүүлийн зарим фанатууд үнэ нь тэнгэрт хадсан Гвиней хагас хамгаалагч Наби Кейтагийн оронд Шалькегийн 22 настай Герман хагас хамгаалагч Леон Горецкад анхаарлаа хандуулахыг уриалжээ.

● Улаан Чөтгөрүүд Германы Боруссиа Дортмунд клүбийн 26 настай Каталон төвийн хамгаалагч Марк Бартраг сонирхож байна.

● Ливрпүүлийн хагас хамгаалагч Лукас Лейваг Туркийн Трабзонспор клүб ониллоо. Улаанууд 30 настай Бразил хагас хамгаалагчаа үнэрхэж тунирхалгүй £5 саяд өгнө гэдгээ мэдэгдээд байгаа.

● Эцэст нь Этихад руу явлаа хэмээн гэрээсээ гарсан Дани Алвешыг харсан үзсэн хүн алга байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна