Амьд хөгжмийн шинэ домог The Fin хамтлаг тун удахгүй Монголд...

2017/07/05
Энэ жилийн долдугаар сарын 14-өөс 16-ний хооронд зохион байгуулагдах Playtime амьд хөгжмийн наадамд гадаад дотоодын олон хамтлагууд оролцдог. Тэдний нэг нь The Fin.

2010 онд байгуулагдсан тус хамтлаг 4 гишүүнтэй, инди рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг хамтлаг юм.

Тус хамтлагийн гоцлол дуучин Юуто Үчино хэлэхдээ ‘’Би анх дууны үгийг японоор бичдэг байсан ч хэлэх гэсэн санаагаа бүрэн гаргаж чадахгүй, нэг л болохгүй байгаа мэт санагдаж байсан. Харин англиар дууны үгээ бичдэг болсны дараа дууны аялгуу болон үг төгс зохицож, миний хүсээд байсан зүйл биеллээ олсон’’ гэжээ.

Хамтлагийн гишүүд болох Рёсүкэ Одагаки, Такаяасу Тагучи, Кору Наказава, Юуто Үчино нар 4 настайдаа анх найзууд болжээ. Тэд одоо бүгдээрээ 20 гарсан залуучууд.

Юуто дууны үг зохиож,хэмнэлийг тохируулж, дууны хэсгүүдийг хуваарилдаг.  ''Заримдаа бүхнийг удирдана гэдэг амаргүй, бид үүнээс болж муудалцаж байсан ч ах дүүс мэт болсон найзууд учраас дорхноо л эвлэрцгээдэг'' гэжээ.

Юуто зав л гарвал төрсөн Такаразука хотдоо очиж, далайн эрэг дээр суун давалгааг ширтэж амьдралынхаа тухай бодон суух хамгийн дуртай.

Юуто хэлэхдээ ‘’Бүтээл туурвина гэдэг яг л өөрийгөө хөгжмийн хэмнэл рүү орчуулж буй мэт санагддаг’’ гэжээ.
Тус хамтлаг долдугаар сарын 16-нд Playtime наадмын тайзан дээр Монголын шүтэн бишрэгч, урлагт хайртай хэн бүхний өмнө тоглох юм байна. 

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна