Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна.
Тэрээр, “Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдран суугаа элэг нэгт Монгол түмнийхээ оройн амар амгаланг эрэн мэндчилье.
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд ард түмнийхээ аж амьдралыг сайжруулах, эдийн засгаа сэргээх, эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд тодорхой бодлого шийдвэрүүдийг гаргаж УИХ-аар батлуулан ажиллаж байна. Манай Засгийн газар улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө өвчтөнөөр бол сэхээний тасагт амьсгалын аппараттай дусал залгуулаад хэвтэж байна гэж тодорхойлсон. Тангараг өргөсөн эмч хүн өвчтөний амь насыг аврах үүрэгтэй байдаг бол манай Засгийн газарт ард түмэн, эдийн засгаа аврах, сэргээх үүргийг ард түмэн өгсөн.
Тангараг өргөсөн эмч хүнд алдаа гаргах эрх байдаггүйтэй адил манай Засгийн газарт тийм эрх байхгүй. Хүүхдийн мөнгө олгох замаар эдийн засгийн өсөлтийг ард түмэн хүртэх ёстой гэсэн бидний гаргасан шийдвэрийг улс төр болгон ашиглаж байгаад харамсаж байна. Хэрэв бид улс төр болгох байсан бол 6.20 – 24-ны хооронд шийдвэр гаргасан.
Тэгэхдээ бидний ажлын үр дүн 2017 оны эхний хагас жилийн статистик мэдээгээр эдийн засагт тодорхой өсөлт гарч 4.2%, төсвийн орлого өмнөх оныхоос 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учраас манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргалаа. Бид алдах эрхгүй гэдгийг дахин хэлье.
Зөвхөн сонгуульд зориулсан улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ амьдрал ахуйг бодолгүй гаргасан,өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэсэн олон шийдвэрээс болж ард иргэдийн минь амьдрал улс орны минь эдийн засаг уруудан доошилж байгаа.
Тийм учраас бид бодит эдийн засгийн өсөлт дээрээ тулгуурласан шийдвэрийг гаргасан. Үндэснийхээ их баяр наадмын өмнө үр хүүхдээрээ дамжуулж эдийн засгийн өсөлтийн хувийг айл өрх болгондоо хүртээх болно. Манай банк санхүүгийн ажилчид маань хүүхдийн мөнгөний санхүүжилтийг хүүхэд бүрийн дансанд оруулахаар уртасгасан цагаар ажиллаж байна. Иргэдээс маань ч ийм хүсэлт зөвхөн Засгийн газарт ч биш арилжааны банкуудад ч ирсэн байна. Бид нөхөж өгч байгаа учраас нийтдээ 3,4 сая ширхэг гүйлгээ хийгдэж байна. Маргааш 12 цаг гэхэд бүх хүүхдийн дансанд орсон байх болно.
Мөн бид Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгожхэрэгжүүлснийг шүүх буруутгасан шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл бид Засгийн газрын тогтоол гаргаж энэ асуудлыг шийдэх шийдвэрийг гаргасан. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ 49%-ийг төрдөө авч хувьцаат компани болгож ард иргэддээ хувь эзэмшүүлнэ. Ийм зорилтыг бид Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.
Цаашид Улс орны минь байгалийн баялаг бол бидний өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн хишиг, үүнийг бүх Монголчууд хүртэх ёстой. Тийм учраас бид Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт стратегийн ач холбогдол бүхий орд газруудын хувьцааг ардтүмэндээ эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Энэ заалт бол хэн нэгний өмч биш Монголын Засгийн газрын хийх ажил гэдгийг та бүхэндээ хэлье. Зарим хүмүүс төрийг муу менежер гэж ярьдаг, тэгвэл сайн зохион байгуулж чадвал сайн менежер байж чаддаг жишээг бид Таван Толгой компани дээр харуулж байгаа.
Монголд зарагдаж байгаа бүх нүүрснээс хувийн хэвшлийн зарж байгаа үнээс өндөр үнээр Таван Толгой компани зарж чадаж байна. Энэ бол гуравдагч зуучлагчгүйгээр хамгийн өндөр үнийн санал өгсөн худалдан авагчид борлуулж байгаа учраас Таван Толгой компани Чалко компанийн өрийг дарж, хагас жилийн дотор улсад 150 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, 250 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан. Энэ жил бидний сайнмэддэг 1072 хувьцаанд ногдол ашиг олох боломж бүрдээд байгааг би чуулганы хуралдаанд хэлж байсан. Цаашид бид Засгийн газрынхаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу бүх стратегийн орд газраасаа Монгол иргэн бүр хувь хишиг хүртдэг боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллах болно.
Төр нь түвшин, түмэн олон нь амгалан байх болтугай” гэлээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна