Бичлэг, хүүхэд, хуримын барьцаа...үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч
Урвагчийг уучилдаггүй үе Тэмүжин, Жамуха хоёроор дууссан. Одоо бол урваач шарваач, хутган үймүүлэгчдийн эрин үе. Эр хүн эр хүндээ хайртай гэх зуун зуун дамжсан монгол философи бас л энэ хүрээд төгсөв. Зохиол цааш хэрхэн үргэлжлэхийг мэдмээр байвал "Загалмайлсан эцэг"-ийг уншихад хангалттай. Эхлээд хувийн бичлэг барьцаална. Дараа нь үр хүүхдээр нь барьцаа тавина. Дараа нь хэн нэгнийхээ хуриман дээр буудалцаад дуусна. Дон Карлеоне маягийн замнал Монголд давтагдаж байна.
Саяхан эхэлсэн ч юм биш. Алдагдсан, хулгайлагдсан, задарсан бичлэгүүдийн цөөнгүй түүхийг бид Го.Бадарчийн 17 чингэлэг спиртийн хэргийн нэвтрүүлэг, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн архив зэргээс мэдэх болсон. Хэн нэгний гарт очсон бичлэгүүдийн тухай нийгмээрээ шуугисаар хэд хонов. Гэтэл үүний цаана хулгайч, хулгайчийг өөгшүүлэн турхирагч, захиалагч, түүнийг худалдан авагчийн тухай онцолж ярьсангүй. Мянган жилийн өмнөх эр хүний мөн чанараар бол Баттулга Энхболд руу утасдаад "Эр хүн эр хүндээ хайртай, нэг бичлэг барьсан залуу ороод ирлээ. Ийм муухай өрсөлдөөд яахав. Адилхан микрофоны өмнө сандардаг улстөрч, эр улс. Ялгаа юу байхав. Үүнийгээ ирж ав" гэх байв. Гэвч тийм юм болсонгүй. Ийм тохиолдолд Энхболд, Баттулга хоёр, АН, МАН хоёр хоёулаа дэгээ үмхэв. Нэг нь хувийн гэмээр нууцаа хүнд итгэснийхээ төлөө алдаж, нөгөөх нь дотоод мөн чанараа таниулан түүгээр нь шоу хийв. Хамгийн эмгэнэлтэй нь энэ явдал хүн бүрийн сэтгэлд айдас болгоомжлол төрүүлэв. Хар сэр дагуулж,харанхуйд гэтэж явахаас өөр хамгаалалтгүй нийгэмд амьдарч байгааг нь сануулав. Хүн хүндээ итгэх итгэлийг үгүй болгов. Хүн болгон энгэртээ буу биш, микрофон нуусан мэт тийм л эмзэглэл, эмгэнэл, эмээх сэтгэл нийгэмд давамгайлах янзтай. Үүнээс гадна сонгуулийн өдрүүд Монгол Улсын гадаад харилцаанд сүүдэр унагав.
Орос, Хятадын элчин сайдын яамд аргагүй том улсыг төлөөлсөн юм гэсэндээ хамгаалалтаа чангалах төдийгөөр айхтар бүүдгэр өдрүүдийг үдэж байна. Хоёр нэр дэвшигчийн хэн нь ч яллаа гэсэн нэгэн өдөр урд хөршид, нөгөө өдөр хойд хөршид ажлын айлчлал хийж таарна. Ямар нүүрээрээ төр төлөөлөх юм бүү мэд. Хоёр талын мөргөлдөөнөөс хожоо хүлээсэн хоёр ч хүн бий. Цагаан сонголт давамгайлж, сонгууль дахихдаа хүрвэл Н.Энхбаяр, Элбэгдорж хоёрт ашигтай. Угаасаа ч Элбэгдоржид 1996-2000 онд намынхаа Ерөнхий сайдуудыг ухсан нүхэнд унагасаар өөрөө гүйцэтгэх засаглалыг авч байсан үе бий. Мэхт мэхэндээ гэгчээр өөрөө огцорсон хэдий ч Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд хэмээх цолтойгоор бүтэн 6 сар сандал дээрээ тэсч үлдсэн түүх байдаг. Эдүгээ Монголд үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч л дутаж гэнэ.
Өөртөө таалагддаг, өөрийн халаасны хүнийг Ерөнхийлөгч болгох хүртлээ Элбэгээ өмнөхийн адил тэсч чадна. Мянган Дон Карлеоне, хэдэн арван алдагдсан, эвлүүлсэн бичлэг байгаад ч нэмэргүй. Хэрэв тэгвэл "Загалмайлсан эцэг"-ийн америк хувилбарт шилжинэ гэсэн үг. Америк хувилбар гэдэг нь бүүр ч илүү шоутай. Уг нь өнгөрсөн жилийн өдийд 30-хан сая ам.доллар байсан гаднын хөрөнгө оруулалт МАН-ын үед 130 сая болтлоо өсч, нэг хүч, нэг хүсэл тэмүүлэл, нэг зоригоор урагшлах түүхэн боломж тохиогоод байдаг. Гэтэл бид хулгай, барьцаа, хардалт, хэрүүл, хэлэхгүй муухай үгсээр дүүрэн "Загалмайлсан эцэг"-ийн цаг үед үлдэх нь. Хоорондоо маргаад, нэг нэгнийгээ барьж идээд байх ч шаардлагагүй. Төгсгөл нь тодорхой. Өнөөдөр бичлэг барьцаална. Маргааш хэн нэгний үр хүүхдийг барьцаална. Нөгөөдөр бас аль нэг талынхаа хуриман дээр буудалцана. Бид бүгдээрээ "Загалмайлсан эцэг"-ийн туслах дүрүүд. Ямартай ч саналаа өгөөрэй. Илүү их хямрахгүйн тулд энэ удаа хэн нэг нь заавал ялах ёстой. Тэгээд сонгуулийн дараа бүгд бие биенээ уучлах зоригтой байцгаая. "Загалмайлсан эцэг"-ийн гутамшигт төгсгөлийг би хүсэхгүй байгаа ч хүн бүрийн сонголтыг хүндэтгэх болно оо. Учир нь хүн болгонд, дүр болгонд шалтгаан байдаг.
Яруу найрагч Р.Эмүжин
Сэтгэгдэл бичигдээгүй байна