С.Баяр өнөөдөр эх орондоо ирнэ

2017/07/21

Ерөнхийлөгчийн тамгын газраас Гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр болсон. Тодруулбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд, С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг хөндсөн юм.

Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас өчигдөр хариу илгээсэн. Хариу бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эргүүлэн татна” гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна. Үүний дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эргүүлэн татах, томилох асуудлыг Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш хэрэглэгдэж ирсэн. Цаашид хууль тогтоомжийн хүрээнд УИХ, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүй байхыг хүсье” гэжээ.

Харин үүний хариуд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд "С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татахыг УИХТГ дарга зөвшөөрөхгүй гэнэ. Өөрийн чинь ишэлсэн Үндсэн хуулинд Засгийн газраас зөвшөөрөл авах тухай алга. Үндсэн хуулинд байхгүй заалтаар Засгийн газартай зөвшилцвөл Үндсэн хууль зөрчсөн гээд огцорно биз дээ. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч элчин сайдыг эгүүлэн татна гээд, УИХ, ЗГ нь үгүй гэдэг тохиолдол үүслээ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн 33.1.5-аа л барина. УИХ-тай зөвшилцөн эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид бий. ЗГ энд ямар ч хамаа байхгүй. Засгийн газар хууль, Үндсэн хууль зөрчилдвөл сүүлийнхийг нь барина" хэмээн бичсэн байна.

Эргүүлэн татах мэдэгдэл авсан Элчин сайд С.Баяр өнөөдөр эх орондоо ирж байгаа талаар “Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна