​Өнөөдөр хепатитын вирустай тэмцэх дэлхийн өдөр

2017/07/28
Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс энэ жил 7 дахь удаагаа энэ өдрийг "Хепатитийг таслан зогсооё" уриан дор тэмдэглэж байгаа юм. 

Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан "Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021"-ийн хепатитын вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын Засгийн Газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах аж.

Манай улс нь вируст хепатитийн тархалт өндөртэй улс орны нэг бөгөөд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг.

Монгол Улсын Засгийн Газраас "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхаарлын төвд орсон байна. "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээд зорилтот насны нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувь буюу 230 мянга гаруй хүнийг хамруулаад байна. 

Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусын халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход хувь нэмэр болох юм. 

 “Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан  өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд иргэдэд мэдээлэл хийж, үзлэг шинжилгээ зохион байгуулах юм. Мөн Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд 11.00-13.00 цагийн хооронд иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлт, хооллолтын зөвлөгөөг Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран зохион байгуулна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна