Үер буусан талбайг халдваргүйжүүлж байна

2017/07/28
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер буусны улмаас Жаргалант тосгонд гамшгийн нөхцөл байдал үүсээд байна.

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр буюу энэ сарын 27-нд тус бүс нутагт ажиллав. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг Нийслэлийн онцгой комиссоос шуурхай шийдвэрлэсэн байна. Мөн Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг сайн дурын байгууллагууд гамшигт өртсан иргэдэд гудас, хөнжил, хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлжээ. Улс, нийслэл, дүүргийн онцгой комисс, сайн дурын байгууллагууд, иргэд хамтран үерт автаж бохирдсон талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн босгох ажлыг зохион байгуулж байгаа юм.
 
Онцгой комиссын орлогч дарга, НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан, “Хохирлын үнэлгээг тогтоох тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Олон айлын мал, эд хөрөнгө гамшигт өртсөн. Жаргалант тосгоны төвд ундны усны 11 худаг байдаг бөгөөд бүгд үер буусан гол гудамжинд байрладаг. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн өдөр худгийн уснаас дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу хамгийн багадаа 72 цагийн дараа гардаг. Тиймээс УСУГ-аас иргэдийг зөөврийн усаар хангаж байна” хэмээв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна